УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан \2023.04.10\ боллоо. Энэ удаагийн хуралдаанаар
- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
- Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн мэдээллийг тус тус сонслоо.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг бүлгийн референт Д.Батмөнх танилцууллаа. Мөн тус хуулийн талаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа дэлгэрэнгүй мэдээллийг өгөв. Тэрээр УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхийн хүрээнд энэ хуулийн төслийг 2022 онд санаачилж, УИХ-ын чуулганаар дэмжигдсэн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд улстөрчдөөр дамжуулан ард түмний боломжийг хулгайлж буй асуудалд улс төрийн намууд дүгнэлт хийж, улс төрийн нөлөө бүхий этгээдүүдийн хамаатан садан илүү боломж эдэлдэг байдлыг зогсоох шаардлагатай. УИХ-ын гишүүдээс шүүмж ирж хүний эрх, Үндсэн хуулийн зөрчлийн асуудлыг хөндөж байсан. Үзэл баримтлалын хувьд ижил учир Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцэхийг зөвшөөрсөн. Өнөөдөр нийт Монголын төрийн чадамжийн асуудал сөхөгдөж байна. Төрд итгэх итгэл алдарсан. Төрийн баталгаатай зээл, тусламж, тендерийг авч завшдаг, түүгээр бизнес хийдэг схем бий болсон байгаа гэв.
Бүлгийн гишүүд Төрөөс баталгаажуулсан бүх төрлийн зээлийг мэдээлэлд ойр хүмүүс, албан тушаал, давуу байдлаа ашиглан авдаг байж болохгүй гэдэгт санал нэгдэж буйгаа илэрхийллээ.
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн ахлагч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны орон тооны бус зөвлөх М.Чимэддорж тус хуулийн талаарх мэдээллийг өгөв. “Ерөнхийлөгчөөс өргөн барих гэж буй уг хуулийн төсөл дээр таван зүйл дээр саналаа нэгтгэлээ.
1. Намын хатуу гишүүнчлэлтэй холбоотой асуудал дээр ажиллаж байна.
2. Намын санхүүжилтийн зохицуулалт ямар байх тухайд анхаарах шаардлагатай. Намуудын санхүүжилт нь улс төрийн намууд бизнес, улс төрийн сонирхлын тодорхой бүлэглэлүүдээс ангид байх үндэс учраас эл асуудалд онцгой анхаарах нь зөв юм.
3. Улстөрийн намын бүтэц, зохион байгуулалтыг хуульчлах ёстой
4. Улстөрийн нам цомхон, бага зардлаар үйл ажиллагаа явуулдаг бодлогын чиглэлтэй байх
5. Намууд нь дэргэдээ бодлогын судалгааны байгууллагатай байх нь зүйтэй гэж үзэж байна" гэв.
Гишүүдийн сонирхсон асуултад ажлын хэсгийн гишүүн УИХ-ын гишүүн асан Р.Бурмаа, бүлгийн зөвлөх Х.Ержан, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Т.Пүрэвхатан, судлаач Х.Эрдэнэбаатар нар хариулт өглөө.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "АН нэр дэвшигчдээсээ дэнчин авдаг асуудлаа ярилцаж байна. МАН өөрөө төр барьж байна. Санхүүжилтийн асуудлыг ил далд бүхий л хэлбэрээр явуулах боломжтой. Бусад улс төрийн намуудад тэгш боломж байна уу. Байхгүй юу. Бусад улс төрийн намууд яаж ил тод өрсөлдөх гэх мэт асуултууд байна. Тийм учраас “Сонгуулийн тухай хууль” “Улс төрийн намын тухай” хууль хоёр бол нэг юмны хоёр тал. Сонгууль бага зардлаар болж байж нөгөө талд улс төрийн намууд бага зардлаар сонгууль хийдэг асуудал яригдана. Тиймээс сонгуулийн тогтолцоо хамаарна. Хандив татварын хэмжээг дээд хэмжээгээр зааж өгснийг бид дэмжиж байгаа гэдгээ бүлгийн хурлын дараа сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлд онцоллоо.