Цаг үеийн мэдээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2023.04.19/ хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хуулийн төслийн талаар танилцууллаа.

Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021-2027 оны бодлого үйл ажиллагааны хөтөлбөрт “Улс төрийн намуудын шинэчлэлийг гүнзгийруүлж, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлж, санхүүжилтийг шилэн болгох улс төрийн нам, улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиуд санаачилна." гэж заасан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн нэгдэл болох улс төрийн намын эрх зүйн шинэтгэлд анхаарал хандуулж парламентад суудалтай намууд болон бусад намууд, эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06 дугаар захирамжаар байгуулсан хэмээсэн.

Уг ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулах ажлын хүрээнд парламентад суудалтай намууд болон бусад намууд, эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагын төлөөллийг хангасан олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг, уулзалт, ярилцлага хийсний зэрэгцээ хуулийн төслийн талаарх санал авахаар Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн бүх намуудад 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр илгээж хуулийн төсөлд Улсын Их Хурал суудал бүхий бүх намуудаас болон бусад улс төрийн намуудын саналыг авчээ.

Түүнчлэн Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар хуулийн төсөл, түүнийг дагалдах хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэн холбогдох саналыг авч төсөлд тусгасан гэлээ.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зарчмын шинжтэй дараах зүйлийг тусгажээ. Үүнд:

Хуулийн төслийн нэгдүгээр бүлэгт хуулийн зорилт, хуулийн үйлчлэх хүрээ, нэр томьёоны тодорхойлолт, улс төрийн намын эрх, үүрэг, намд эвлэлдэн нэгдэх иргэний эрх, намын дотоод зохион байгуулалт ардчилсан байх, нам цахим орчинд үйл ажиллагаа явуулах, намын үйл ажиллагаанд хориглох зүйл;

Хуулийн төслийн хоёрдугаар бүлэгт улс төрийн намыг уүсгэх байгуулах, бүртгүүлэх, сонгуулийн төв байгууллагын уламжилснаар Улсын дээд шүүх улс төрийн намыг бүртгэх, бүртгэхээс татгалзах зохицуулалтын талаар;

Хуулийн төслийн гуравдугаар бүлэгт намын бүтэц зохион байгуулалтыг дэлхийн чиг хандлага, дотоод ардчилал, хүний эрх, жендерийн тэгш эрхийг хангах зарчмуудын дагуу уян хатан бүтэцтэй, хүний эрхийг дээдэлсэн, гишүүдийн оролцоо, эмэгтэйчүүд, залуучууд, ахмад үе, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн сонирхлын бүлгүүдийн оролцоог дэмжсэн, бодлогын нам болж ажиллах асуудлыг;

Хуулийн төслийн дөрөвдүгээр бүлэгт намын үйл ажиллагааг идэвхгүйд тооцох, өөрчлөн байгуулах, намын үйл ажиллагааг зогсоох, намыг тараах зохицуулалт;

Хуулийн төслийн тавдугаар бүлэгт улс төрийн намуудад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөл шалгуур, түүний мөнгөн болон мөнгөн бус хэмжээ, хуваарилалт, шилэн санхүүжилтийн зарчим, зарцуулалтын зориулалт, гишүүний татвар, хандив, намын өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлогын талаар;

Хуулийн төслийн зургадугаар бүлэгт намууд санхүүгийн тайлан гаргах, тайланг мэдүүлэх, аудит хийлгэх, сонгуулийн төв байгууллага тайланг нягтлан шалгах, нийтэд мэдээлэх, улмаар намын тайлантай холбоотой алдаа зөрчилд тооцох хариуцлагын талаар, долдугаар бүлэгт бусад асуудлыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар улстөрийн намын эрх зүйн орчин сайжирч энэ хүрээнд дараах эерэг үр дүн авчирна хэмээн хууль санаачлагч үзжээ.

Тухайлбал,

Улс төрийн намын хариуцлага дээшилж, намын үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцэн, түүний санхүүжилт илт тод болох, намын гишүүдийн эрх, үүрэг, сахилга хариуцлага дээшлэх, санхүү болон үйл ажиллагааны тодорхой асуудлуудаар сонгуулийн төв байгууллагад тайланг гаргах замаар олон нийтийн хяналтыг сайжруулах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж буй аж.

Түүнчлэн улс төрийн нам бодлогын институц болон төлөвших бөгөөд нам улсын хэмжээнд бодлого дэвшүүлэн ажиллах, үйл ажиллагаа, сонгуулийн мөрийн хөтөлбөр нь улс орноо хөгжлийн бодлогод захирагдан ажиллах, төрийн өндөр ёс зүйтэй алба хаагчийг бэлтгэх, төр ард түмний гүүр болж, иргэдэд улс төрийн боловсрол олгох институц болон төлөвших үндэс бүрдэнэ;

Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал, хяналт сайжирна. Намын санхүүжилтэд төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн механизмыг боловсронгуй болох, түүнийг хяналтыг олон нийтэд ил тод, нээлттэй, шилэн болгох чиглэлд эрх зүйн шинэтгэл хийгдэнэ. Намын санхүүжилт дан ганц сонгуулийн үед бус өдөр тутмын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй болох эрх зүйн үндэс бүрдэнэ. Түүнчлэн намд өгөх иргэд, аж ахуй нэгжийн хандив, түүнийг захиран зарцуулалтад сонгуулийн төв байгууллага хяналт тавих замаар намын үйл ажиллагаа хариуцлагатай болон төлөвших үндэс бүрдэнэ;

Улс төрийн намын гишүүдийн тэгш оролцоог хангана. Намыг бодлогын институц болон төлөвших нэгэн гол үндэс нь намын гишүүнчлэлийн статусыг тодорхой болгох эрх зүйн үндэс бүрдүүлэх хэлбэрээр энэхүү шинэтгэл илрэн гарна. Энэ хүрээнд намын дэмжигч гишүүн хэмээх эрх зүйн орчныг бүрдүүлснээр намын бодлого, үйл ажиллагаанд ач холбогдол өгч, үнэт зүйлд үндэслэн бодлогын намын үйл ажиллагаанд дэмжин оролцох эрх зүйн үндэс бүрдэнэ. Түүнчлэн гишүүдийн тэгш оролцоог хангах, улс төрд төлөөлөл нь бага хангагдаж буй иргэдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд жендерийн тэгш байдал, залуу болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын өөрчлөлт баталгаажих нөхцөл бүрдэнэ;

Улс төрийн намуудын дотоод ардчиллыг хөгжүүлнэ. Иргэдийн сайн дураар эвлэлдэн нэгдэх эрхийг баталгааг хангах хүрээнд намын бүтэц, сонгууль, гишүүдийн оролцоог хуульд тусгах замаар намын дотоод ардчиллыг дэмжих эрх зүйн үндсийг бүрдүүлнэ хэмээн үзэж буй аж.

Дээрх цогц улс төрийн намын шинэтгэлийг хэрэгжүүлснээр Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын үндэс болсон иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөө баталгаажиж, намд итгэх иргэдийн итгэл дээшилж, төрийн бодлого, шийдвэр гаргах явцад ард иргэдийн шууд оролцоо нэмэгдэж, улс төрийн намуудад өрсөлдөөний ижил нөхцөл бий болгож, авлигын түвшин бууруулахад эерэг үр дүн авчирна гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар илэрхийллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Миний бие УИХ-ын гишүүн Д.Ганбаттай хамтран Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу адил агуулга бүхий хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь зөвшөөрвөл нэгтгэх хэлэлцэх болох дэгтэй юм байна. Тийм учир хуульд заасан дэгийн дагуу УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцэхийг хууль санаачлагчийн зүгээс зөвшөөрч, дэмжиж байна хэмээн мэдэгдсэн. Н.Энхболд нарын УИХ-ын гишүүд хоёр хуулийн төслийг хамтатган хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд дээрх саналыг УИХ-ын даргад хүргүүлэхээр тогтсон юм.

Дараа нь асуулт хариулт үргэлжилсэн юм. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр, Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намуудад хяналт тавих эрх, үүрэгтэй байхаар хуулийн төсөлд тусгасан байна. Сонгуулийн ерөнхий хороонд улс төрийн намуудын үйл ажиллагаанд хяналт тавиад явах хүний нөөц, хууль, эрх зүйн чадамж бий юу. Хөгжсөн улс орнуудын Улс төрийн намын тухай хуулийг нь судалж үзэхэд энэ удаагийн Улс төрийн намын тухай хуулийн төсөлд тусгасан шиг нөгөө төлөөллийн тэнцвэртэй байдлыг хангах, жендерийн балансыг барих тухай асуудлуудыг тусган, түүнийгээ бариагүй тохиолдолд хүлээх хариуцлагыг одоо маш тодорхой зааж өгсөн байна. Манайд өнөөдрийг хүртэл жендерийн төлөөллийг 30 хувьд хүргэхээр заасан атлаа үүнийгээ мөрддөггүй. Мөрдөхгүй байлаа гээд хариуцлагын механизм үйлчилдэггүй.  Одоо хэлэлцэх гэж буй Улс төрийн намын тухай хуулийн төсөлд ийм зөрчил гарсан тохиолдолд ямар нэг хариуцлага хүлээлгэх талаар тодорхой тусгасан зүйл бий юу хэмээн асуусан.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар,  1990 оноос хойш улс төрийн намуудыг Улсын дээд шүүх дээр бүртгээд, төрөөс эргэж харьцдаг байгууллага байхгүй, хяналт шалгалт хийддэггүй, улс төрийн намуудаа орхичихдог байсан. Өөрөөр хэлбэл, Улс төрийн намын хуулийн хэрэгжилтийг хангах төрийн байгууллагагүй явж ирсэн. Улс төрийн намуудын дийлэнх нь өнөөдрийг хүртэл хурлаа хугацаандаа хийлгүй явж иржээ. Тийм учраас энэ хуулийн төсөлд сонгуулийн төв байгууллага улс төрийн намуудыг хариуцдаг, хяналт шалгалт хийдэг, тайланг нь авдаг, УИХ жил бүрийн 04 дүгээр сард улс төрийн намуудын үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг нээлттэй хэлэлцдэг байхаар тусгасан. Сонгуулийн төв байгууллага улс төрийн намуудын энэ үйл ажиллагааг хариуцаад ирэхээр өөрөө эрх баригчдаас хараат бус байж чадах уу гэдэг асуудал гарч ирнэ. Тиймээс энэ хуулийн төслийн хамт Сонгуулийн төв байгууллагын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Тэрхүү хуулийн төсөлд сонгуулийн төв байгууллага есөн гишүүнтэй, тав нь орон тооны, дөрөв нь орон тооны бус байхаар тусгасан. Есөн гишүүний тавыг нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг нь Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг нь Улсын дээд шүүх нэр дэвшүүлэх бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчдаар бүрдүүлнэ гэж заасан.

Энэ удаагийн өргөн барьсан хуулийн төсөлд улс төрд төлөөлөл нь бага хангагдаж байгаа эмэгтэйчүүдийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон бусад нийгмийн давхаргуудын асуудлыг тодорхой тусгасан. Намын байгууллагууд төрийн улс төрийн албан тушаалд намаас санал болгож сонгогдох, томилогдох нэр дэвшигчийг тодруулахдаа аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй байлгахаар босго оруулж ирсэн. Хэрвээ хуульд заасан хүйсийн төлөөлөлтэй холбоотой, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сонгуульд нэр дэвшүүлбэл тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал өгөх заалтууд ч байгаа. Хэрэв хуульд заасан шаардлагыг хангаагүй байвал тухай намд зөрчлийг арилгах талаар Сонгуулийн төв байгууллага сануулна. Энэхүү сануулсан өдрөөс зургаан сарын дотор зөрчил арилахгүй бол сонгуулийн төв байгууллага зөрчлийг арилгах хүртэл төрийн санхүүжилтийг зогсоох зэрэг тодорхой арга хэмжээнүүдийг авахаар төсөлд тусгасан гэсэн хариулт өгсөн юм.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, манай олон улс төрийн нам идэвхгүй байдалтай болсон. Хурлаа хийдэггүй, даргаа сольдоггүй, төлөөллийн болон гүйцэтгэх байгууллага гэж бараг байдаггүй. Тэгээд сонгууль болохоор гараад ирдэг. Бусад үед таг алга болдог. Тийм намуудын дотоод ардчилал, бүтэц зохион байгуулалтыг нь сайжруулах чиглэлээр ямар заалтууд тусгасан бэ гэсэн асуулт тавьсан.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Өнөөдөр манай улсад парламентад суудалтай болон суудалгүй Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 36 нам үйл ажиллагаа явуулж байна. Намууд нийгмийн хөгжлийн хурдаас хоцорч байна гэж харж байгаа. Улс төрийн намтай холбоотой шүүмжлэл сүүлийн үед маш их өрнөж,  нийгэмд болж бүтэхгүй байгаа олон асуудлыг улс төрийн намын төлөвшилтэй холбон тайлбарлаж байна. Энэ чиглэлээр судалгааны тайлангууд ч цөөнгүй гарч байгаа. Тийм учраас бид улс төрийн намуудыг хариуцлагажуулах, улс төрийн намуудыг бодлогын институт болгож төлөвшүүлэх чиглэл рүү хуулийн төслийн гол агуулгыг чиглүүлсэн. Улс төрийн намуудын дотоод ардчиллыг төлөвшүүлэх, баталгаажуулах чиглэлээр нэлээн олон заалт орсон. Ялангуяа улс төрийн нам төлөөллийн төв болон гүйцэтгэх, хяналтын байгууллагатай байх, энэ байгууллагууд нь тодорхой хугацаанд хурлаа хийдэг, их хурлаа дөрвөн жилд нэг удаа заавал хийдэг байх гэх мэтчилэн нарийвчилсан заалтуудыг оруулж өгөх ёстой. Тэгэхгүй бол 30 жилийн хугацаанд нэг гэр бүл улс төрийн нам байгуулсан, үүсгэн байгуулсан хурлаасаа хойш хурал хийж үзээгүй намууд ч байна.

Тийм учраас энэ улс төрийн намуудын дотоод асуудлыг нэлээн нарийвчлан зааж өгсөн. Хэрвээ улс төрийн нам хуульд заасан хугацаандаа хурлаа хийхгүй, дотоод ардчиллаа хангахгүй байвал сонгуулийн төв байгууллага тухайн улс төрийн намыг идэвхгүй хэлбэр лүү шилжүүлж, цаашдаа татан буух хүртэл арга хэмжээ авах хариуцлагын тогтолцоог оруулж өгсөн гэдгийг тодотгож хэлье гэлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Таны сурталчилгаа