УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос цахим шилжилтийг эрчимжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай уулзалтуудыг хийж байна. Улс даяар цахим шилжилт хурдацтай явагдаж байгаа ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжгүй хэвээр байна. Эдгээр иргэд төрийн байгууллагын үйлчилгээг цахимаар авах, мэдээ мэдээллээр хангагдах, санал бодлоо илэрхийлэх зэргээр цахим шилжилтийн үр дүнг тэгш хүртэж, нийгмийн харилцаанд хүртээмжтэйгээр оролцох эрхтэй. Тиймээс энэ ажлыг эрчимжүүлэх зорилгоор Байнгын хорооны дарга Э.Батшугар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын удирдлагуудтай уулзлаа.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 115 мянган иргэн байгаагаас 13 мянга нь харааны бэрхшээлтэй. Нэн түрүүнд төрийн байгууллагууд мэдээллийн цахим хуудсаа эдгээр иргэдэд хүртээмжтэй болгож, өөрчлөх хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар вэб сайтдаа аудио хувилбарыг хамтатгаж, өнгөний код ашиглажээ. Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар энэхүү зөв жишгийг илүү сайжруулан цахим хуудсаа хөгжүүлэх саналыг төрийн байгууллагуудад тавих юм. Эхний ээлжинд УИХ-ын хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоог хангаж ажилладаг “d-parliament”, төрийн үйлчилгээний нэгдсэн портал “и-Монголиа” системүүдийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгоход анхаарч ажиллана гэв.
Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харьяанд Сэргээн засах төв, Протез ортопедийн үйлдвэр, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв ажилладаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хариуцдаг эдгээр байгууллагуудын үйлчилгээг ЭМЯ-наас хэрэгжүүлж буй цахим эрүүл мэндийн систем болон “и-Монголиа”-д нэгтгэх шаардлагатай байгаа тул тус байнгын хорооноос шийдвэрлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана.