Цаг үеийн мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 30, 31, 43, 23, 39 дүгээр хороодын хил залгаа зааг дээр барилгын хогийг нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зөвшөөрөлгүй асгасан хэрэг 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гарсан. Тус хог хаягдал асгасан талбайд Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Н.Алтаншагай ажлын хэсэг ахлан холбогдох арга хэмжээг авч ажиллалаа. 

Н.Алтаншагай: "Барилгын ажил эхэлсэнтэй холбогдуулан бусад дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй компаниуд Сонгинохайрхан дүүргийн нийтийн эзэмшлийн талбайд 50 тонны даацтай хово маркийн авто машинаар асгасан нь тогтоогдоод байна. 

Тиймээс холбогдох хэлтэс, тасгийн дарга нарт тухайн хог асгасан аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, шаардлага хүргүүлэх, цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулах, Нийслэлийн Захирагчийн ажлын алба руу бичиг явуулах үүрэг өглөө. 

Тус барилгын хог асгасан компани нь хогийн цэг дээр буулгах мөнгөгүйн улмаас эзэнгүй гуу, жалганд асгасан гэдэг тайлбарыг хэлсэн. Нийтийн эзэмшлийн талбайд барилгын хог хаягдал хаяж иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг ноцтой зөрчиж байна. Тухайн компанид холбогдох арга хэмжээг авч ажиллах болно. 

Хово маркийн авто машин хог ачсан үед 50 тонн даацтай байдаг. Зөвшөөрөлгүй авто замаар явснаас үүдэн гэр хороолол дундуур тавьсан шинэ авто замыг эвдлэх, асуудал гарч байгааг хороон Засаг дарга нар хэлж байв. Тиймээс хяналт шалгалтыг сайжруулж, барилгын хог хаягдлыг нийтийн эзэмшлийн талбайд асгуулахгүй байхад анхаарч дүүрэг, хороо, цагдаагийн газрууд хамтарч ажиллана" гэв.

Таны сурталчилгаа