Цаг үеийн мэдээ

Сонгууль хаяанд тулж, ард түмэндээ хайртай, агуу шударга гишүүд гэнэт сэрж ирэн элдэв юм амлаж, ээлж дараалан жүжиг тавьж эхлэв. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Ш.Адьшаа. Тэрээр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв. Ардаа баахан хамгаалагч маягтай  хүмүүс зогсоож байгаад “Эрдэнэс таван толгойн хувьцаагаа зарсан хүмүүсийн хувьцааг буцааж өг. Би ард түмний төлөөллийн хувьд хууль санаачлах эрхтэй. Энэ эрхэнд маань УИХ-ын дарга Г.Занданшатар халдаж байна” хэмээн өндөр дуугаар тун хариуцлагатай хүний дүртэйгээр  мэдэгдэл хийж, “Би үнэхээр аргаа барж байна. Хүчин мөхөстөж байна. Дарамтад байна, хэцүү байна” хэмээн арайтай л нулимс унагасангүй.  Үнэн хэрэгтээ УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн боловсруулсан “Иргэдээс худалдан авсан Эрдэнэс тавантолгойн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай хуулийн тогтоолын төслийг 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн юм байна. Эрдэнэс тавантолгойн 1072 хувьцаагаа худалдан борлуулсан хүмүүст буцааж хувьцааг нь өгөх энэ тогтоолын төслийг Засгийн газар хэлэлцээд  нэгдүгээрт, иргэд сайн дураараа хувьцаагаа нэрлэсэн үнээр худалдсан. Хоёрдугаарт, сайн дураараа хувьцаагаа зарсан иргэдийн хувьцааг буцааж олгох нь хэсэг бүлэг хүмүүст давуу байдал үүсгэж, Үндсэн хуульд заасан Иргэдийн тэгш байдлыг хангах заалтыг зөрчинө. Мөн Ш.Адьшаагийн өргөн бариад байгаа энэ тогтоолын төсөл нь өөрөө Компанийн тухай хууль, хувьцаа эзэмшигчийн үндсэн эрхийг ноцтойгоор зөрчиж байна” гэдэг агуулгатай дүгнэлт гаргажээ. Ийм дүгнэлт гаргахаас ч өөр аргагүй. Төрөөс өгсөн нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэтэй хувьцаагаа зарим иргэд зарж, зарим иргэд сургуулийн төлбөрт өгсөн. Энэ иргэдээс “Би хувьцаагаа буцааж авъя” гэж хэн ч хэлээгүй. Нөгөө талаар нэгэнт хувьцаагаа худалдсан иргэд буцааж авахаар бол тодорхой хэмжээний мөнгө төгрөг төлж байж авах нь шударга ёсонд нийцнэ. Гэтэл Ш.Адьшаа гишүүний хувьд хувьцаагаа зарсан иргэд сонгуулийнх нь сурталчилгааны хөзөр болж байгаа бололтой. Иргэдээс нэмэх оноо авахын тулд улайрч байгаа Ш.Адьшаагийн хувьд эрх тэгш байдал, нөгөө ярих дуртай шударга байдал нь түй ч хамаагүй юм байна. Татвар төлөгчдийн мөнгөөр нэг хэсэг хүмүүст илүү боломж олгож, хувьцаагаа зараагүй хүмүүс л хохирч үлдэх юм байна л даа. 

 

Таны сурталчилгаа