Азийн Социал Демократ намуудын сүлжээ, Фридрих Эбертийн сан хамтран 2023 оны 04 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн оролцоо” сэдэвт олон улсын сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтанд 10 гаруй улс орны 30 гаруй эмэгтэйчүүд хамрагдаж байгаа юм. Гурван үе шаттай явагдаж байгаа энэхүү олон улсын сургалтын эхний үеийн сургалт нь цахим хэлбэрээр явагдсан бол хоёр дахь шатны сургалт нь Непал улсад зохион байгуулагдсан юм. Тэгвэл гурав дахь шатны сургалт нь ийнхүү Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо эхэллээ.
Азийн улс төрийн намуудын сүлжээ нь дэвшилтэд үзэл санаа, бодлогоо чөлөөтэй солилцох, нийгмийн ардчилсан намуудыг дэмжих, хамтран ажиллах платформ бүхий социал демократ болон дэвшилтэт улс төрийн намуудын бүс нутгийн сүлжээ. Тус сүлжээ нь 2009 онд байгуулагдсан юм. Өнөөдөр тус сүлжээ нь Азийн бүс нутгийн 10 улс орны 14 улс төрийн намыг нэгтгэсэн дэвшилтэт намуудын хамгийн том нэгдэл юм.
Энэ үеэр Дижитал орчин дахь эмэгтэйчүүдийн эрх, Дэлхийн дулаарлын эсрэг эмэгтэйчүүдийн оролцоо, Зөрчилдөөний үеийн эмэгтэйчүүд гэх мэт олон сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хийгдлээ. Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэг “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд Монгол улсын гадаад бодлого, боломж”, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм дэх оролцоо нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн нөлөөлөх вэ” гэсэн ерөнхий сэдэв бүхий хэлэлцүүлэгт оролцлоо.
Монгол Ардын Нам нь Социал Демократ үзэл баримтлалтай улс төрийн хүчин. Энэхүү үзэл баримтлалынхаа хүрээнд жендерийн эрх тэгш байдлыг хангах явдалд манлайлж, шаардлагатай эрх зүйн болон бусад шинэчлэлийг хийсээр ирсэн. Нийгэмд ч зөв хандлагыг бий болгож байгаа. Үүний нэг том жишээ бол өнөөдөр Сонгуулийн тухай хуулинд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтийн төсөлд Монгол Ардын Нам пропорциональ тогтолцоо буюу жагсаалтаар орж ирэх гишүүдийн 50 хувьд эмэгтэйчүүд байна гэсэн санал гаргасаныг бусад улс төрийн хүчин, нийгэм бүхэлдээ эерэгээр хүлээн авсан.
Ийм ч учраас эмэгтэйчүүдийн улс төр, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг дэмжсэн бодлого нь төр засгийн хэмжээнд явагдаж байгаа гэдэг утгаар энэхүү сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа юм.
МАН 2009 онд анх Азийн Социал Демократ сүлжээг үүсэн байгуулахад томоохон хувь нэмэр оруулж, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэн. Түүгээр ч зогсохгүй Удирдах зөвлөлд төлөөллөө ажлуулж ирсэн улс төрийн хүчин. Тухайлбал 2017 онд тус байгууллагын Бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байсан удаатай. Азийн Социал Демократ намуудын сүлжээ нь нийгмийн ардчилсан болон дэвшилтэт улс төрийн намуудын дэлхийн хамгийн том сүлжээ болох Прогрессив Альянсын гишүүн юм.
Дэлхийн дэвшилтэт болон социал демократ намуудыг эгнээндээ нэгтгэдэг Прогрессив Альянс байгууллага нь цар тахлын хүнд үед вакциныг тэгш хүртээх тал дээр онцгой анхааран ажиллаж хөгжиж буй улс орнууд болон ядуу буурай улс орнуудын хүн амын эрүүл мэндийг хамгаалахад бодитоор нөлөөлж чадсан юм.
Прогрессив Альянсын гишүүнээр дэлхийн 140 улс төрийн нам элссэн байдаг бөгөөд Удирдах зөвлөлд нь 40 улс орны улс төрийн намын төлөөлөл сонгогдон ажилладаг. Монгол Улсаас Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нар ажилладаг юм.
Өнөөдөр Монгол Ардын Нам нь Азийн Социал Демократ үзэл баримтлалтай улс төрийн намууд дотроос дангаараа засгийн эрх барьж байгаа ганц улс төрийн хүчин. Мөн ази тивд анх байгуулагдсан, Ази тивийн хамгийн урт настай улс төрийн институц юм.