Цаг үеийн мэдээ

АН-ын “Тамгагүй нам” олон ангит теле жүжиг сая нэг дуусаж, намын даргын махан бие, модон тамга, цаасан гэрчилгээ гурав нь нэг дор цугларлаа. С.Эрдэнийн кармаан дахь тамга, Х.Баттулгын цүнхэн дэх гэрчилгээг Лу.Гантөмөр гар дээрээ авлаа. Лу.Гантөмөр УДШ-д бүртгүүлснээр АН муу нэртэй ч, луу данстай болох зам нь нээгдсэн. АН үүд хаалгаа эвдэлдэг, зурагт цонхоо хагалдаг, аль нэг нь ордер гэрчилгээгээ ломбардад тавиад уучихдаг, зодоон нүдээн ихтэй айл шиг пижигнэж түчигнэж ирсэн газар юм. Өрөө, нойл, коридор, тагт, булан бүрд нь бүлэглэл фракцууд булагнаж, дор бүрнээ гал түлж, голомтоо самарч, хагарал бутралдаа туйлдан нэрвэгдэж ирсэн нам. С.Эрдэнэ нь бусдыгаа, бусад нь С.Эрдэнийгээ, Д.Ганбат нь бүлгээ, бүлэг нь Д.Ганбатаа харилцан хөөсөөр, хөөгдөж үзээгүй хүн, хөөж байгаагүй хүн үлдээгүй шахам болоод байсан юм. Үүнээс хойш, түүнээс цааш эв түнжинтэй, өөртэйгөө биш өрсөлдөгчтэйгөө үзэлцдэг, сөрвөл сөрдөг, мэтгэлцвэл мэтгэлцдэг хүчин байхыг олон нийт хүсэж байна. Л.Гантөмөр “АН хүн хөөдөггүй, урьдаг, монголын ард түмэн төр хоёрыг холбох гүүр нь болсон улс төрийн хүчин байх болно” гэж хэлсэн байна. Гүүрэн дээрээсээ биесээ түлхдэггүй, гүүрнийхээ тулгуурыг хөрөөддөггүй, гүүрэн дээрээ зодолддоггүй нам байхыг харах үлдлээ.  “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэж Е.Чингис сургасан билээ.

Таны сурталчилгаа