УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2024.04.24/ хуралдаж, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны цаг үеийн мэдээлэл, Засгийн газраас цалингийн тогтолцоог боловсронгуй болгох төлөвлөгөөний талаар мэдээлэл сонсож, Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцсэн асуудлын хүрээнд бүлгээс ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунд Хүнсний хувьсгалын хүрээнд хийж байгаа зээл, төслүүдийг эрчимжүүлэх, ноолуурын үнийг буулгахгүй тогтвортой байлгах чиглэлд тодорхой арга хэмжээ авах, гурилын үнэ, үр тарианы үйлдвэрлэлийг дэмжиж ажиллах шаардлагатайг хэлж, Засгийн газарт чиглэл өгөв.
Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбогдуулж цалин, тэтгэвэр нэмэхийг иргэд шаардаж байгаа. Иймд төрийн албан хаагчдын цалингийн ялгаварлалыг арилгах, инфляцын түвшинтэй уялдуулж цалин нэмэх, салбар хоорондын цалингийн зөрүүг арилгах шаардлага байна гэдгийг хэлэлцэж, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэгт үүрэг чиглэл өглөө.