Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда нар мэдээлэл хийв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл хийв. Албан ёсны хэлэлцээ үр дүнтэй болж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач ач холбогдолтой болсон гэдгийг төрийн тэргүүн нар тэмдэглэв.

Хэлэлцээний үеэр цар тахал, олон улсын харилцаа, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдлаас үүдэлтэй сорилтуудыг хамтын хүчээр даван туулж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа.

Төрийн айлчлалын хүрээнд БНПУ Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа албан ёсоор нээж, ирэх оноос Консулын хэлтэс ажиллуулах болсон нь харилцаанд томоохон түлхэц болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тэмдэглэв.

Худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлнэ

Парламент, Засгийн газар, төрийн байгууллагууд, иргэд, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн харилцаа идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа төрийн тэргүүн нар илэрхийлэв.

Цаашид худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бүтээн байгуулалт, зам тээвэр, боловсрол, геологи, уул уурхай, соёл урлаг, байгаль орчин, иргэд хоорондын харилцаа зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөнүүдийг дэмжинэ

“Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллаж, энэ чиглэлээр монгол оюутнуудыг БНПУ-д сурган, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хөдөө аж, ахуй, байгаль орчны салбарт хэрэгжүүлэхээр болов.

Айлчлалын хүрээнд зохион байгуулсан Польш-Монголын бизнес форум, олон улсын автотээвэр, геологи, мал эмнэлэг, архив, боловсрол, шинжлэх ухаан зэрэг салбарт хамтрах тухай байгуулсан баримт бичгүүд нь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдгийг төрийн тэргүүн нар тэмдэглэв.

Монгол Улс нь БНПУ-ыг ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэдэг “Гуравдагч хөрш” хэмээн хүлээн зөвшөөрдөгт Ерөнхийлөгч Анджей Дуда талархал илэрхийлэв.  Мөн Монгол Улсын геополитикийн бодлогыг сайн ойлгож байгаагаа онцолж, Украин Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэн, дүрвэгсдийг хүлээн авахад Монгол Улс дэмжлэг үзүүлснийг өндрөөр үнэлдгээ хэлэв.

Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээ нотоллоо. Албан ёсны хэлэлцээ, харилцан тохиролцсон зүйлс харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа төрийн тэргүүн нар илэрхийлэв.

Таны сурталчилгаа