УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эхний хэлэлцүүлгийг хийсэн. Хэлэлцүүлгийн үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах байр суурийг илэрхийлэв.
Тэрбээр, “Улс төрийн намуудад хариуцлага, хөгжил дэвшил ярихгүй, бултаад сууж байх эрх байна уу? Монгол Улс цаашдаа улс төрийн намын оролцоотой, олон намын оролцоотой парламентын засаглал байх юм уу, үгүй юм уу гэдэг асуудлыг бид өнөөдөр ярих ёстой. Түүнээс жижиг сажиг асуудал, өнөөдрийн зовлонгоо яриад, миний жижиг эрх ашигт ингэж нийцэж байна гээд суугаад байх эрх байгаа юм уу? Ард иргэд төрийг өөрчлөх ёстой, шинэчлэх ёстой, хариуцлагатай болох ёстой гэдэг бүх талын шахалтыг тавьж байгаа энэ үед бид жижиг эрх ашиг яриад сууж байж эрхтэй юу гэж бодож байна.
Өнөөдрийн төрийн тогтолцооны эх үүсвэр нь улс төрийн намууд. Эрх барьж байгаа, сөрөг хүчин хийж байгаа, парламентад сууж байгаа, парламентад суудалгүй намууд хариуцлагатай байх ёстой гэж үзэж байна. Намууд хариуцлагатай болж байж төр өөрөө хариуцлагатай болох нөхцөл боломж бүрдэнэ гэж үзэж байна шүү дээ. Ийм учраас бид өнөөдөр өөрсдийн намын эрх ашгийг ярих боломжгүй болчихоод байна. Улс төрийн намууд өнөөдөр үүнийг ойлгож, асуудалд хандах ёстой гэж ойлгож байна” гэлээ.