Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны (2023.04.26) хуралдаан 10 цаг 36 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг бүлэг тус бүрээр нь хэлэлцлээ.
Хурлаар Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хэлэлцэв. Хүний эрхийн Үндэсний Комисс Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хариуцсан бие даасан гишүүнтэй байхаар хуульчлагдсан бөгөөд анх удаа Улсын Их Хуралд тайлангаа танилцуулж байгааг Байнгын хорооны дарга онцлов. Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн тайлангаа танилцуулсан юм.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг жил бүрийн эхний улиралд Хууль зүйн байнгын хороонд танилцуулж, хэвлэн нийтэлнэ” гэж заасан байдаг. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн 2022 оны зургадугаар сарын 2-ны өдөр томилогдож, түүнд туслах чиг үүрэг бүхий нэгжийн албан хаагч мөн оны наймдугаар сарын 4-ний өдөр томилогдсон байна. Тиймээс тухайн өдрөөс хойших хяналт, шинжилгээ, сургалт, сурталчилгаа, хамтын ажиллагаа, төрийн байгууллагуудын албан ёсны статистик, судалгаа, иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, түүний шийдвэрлэлт болон бусад эх сурвалжид үндэслэн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны тайланг 2023 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацааны үйл ажиллагааг хамааруулан боловсруулжээ.
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны 2022 оны буюу анхны тайланг Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, үндэсний ажиллагааны хууль эрх зүйн орчны шинэтгэл; Эрүү шүүлт тулгах, хууль бусаар баривчлах, ялгаварлан гадуурхах гэмт хэргүүдийн эрх зүйн зохицуулалтын онцлог, статистикт хийсэн дүн шинжилгээ; Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээ; Эрүү шүүлтээс урьдсан сэргийлэх, сургалт, сурталчилгаа; Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хийгдсэн ажил; Дүгнэлт, санал гэсэн бүтэцтэйгээр тайлагнав.
Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасан бүх газар буюу хүн өөрийн хүслээр гарч явах боломжгүй нөхцөлтэй 843 газарт, давтагдсан тоогоор жилд 144,942 иргэн урт, богино хугацаагаар байрлаж байгаа юм байна. Эдгээрээс нэн тэргүүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтийг хангах хүрээнд зорилтот бүлгийн ойролцоогоор 37000 гаруй хүнд тогтмол хүрэлцэж хяналт шинжилгээ урьдчилан сэргийлэх ажлыг хууль, олон улсын гэрээнд зааснаар хийх шаардлагатай байгаа юм байна. Энэхүү урьдчилан сэргийлэх ажлыг шүүх эрх мэдлийн болон мөрдөн шалгах хууль сахиулах байгууллагын удирдлага, алба хаагчдын хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжүүлэх боломжтой гэдгийг тайланд дурдав. Ялангуяа эдгээр 843 газрын удирдлага, алба хаагчдын манлайлал, хүний эрхийн мэдрэмж, хандлага, хэлбэрийн төдий бус үйл ажиллагаа туйлын чухал байгааг онцолсон.
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нэгжийн албан хаагчид нийт 23 байршилд батлагдсан удирдамж, төлөвлөгөөний дагуу хяналт шинжилгээ хийжээ. Тэдгээр газар төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр, өөрийн хүсэлтээр гарч явах эрхээ хязгаарлуулсан хүмүүсийн эрхийн хэрэгжилт мөн алба хаагчдын хөдөлмөрлөх нөхцөлд эрүү шүүлт гарч болзошгүй тогтолцооны шалтгаан нөхцөлийн асуудлыг судалсан байна. Хяналт шинжилгээний хүрээнд өөрийн хүсэлтээр гарч явах боломжгүй нөхцөлд байгаа 1954 хүнээс олон улсын жишиг стандарт, дотоодын хууль эрх зүйн орчны онцлогт уялдуулан боловсруулсан асуумж авчээ. Хорих ял эдэлж байгаа болон цагдан хоригдсон, баривчлагдсан 411 хүнтэй ганцаарчилсан ярилцлага хийж, 48 ажилтан, алба хаагчтай хүсэлтийнх нь дагуу уулзаж, 209 хүн зөвлөгөө өгсөн бол харьяаллын дагуу 6 гомдлыг шилжүүлэн шалгуулсан байна.
Үндэсний урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд хяналт шинжилгээгээр тогтоогдсон эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар шийтгэх буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж болзошгүй нөхцөл байдлыг арилгуулах, урьдчилан сэргийлэх зорилгоор байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд 11 зөвлөмжийг хүргүүлж биелэлтийг тооцон ажиллажээ. Мөн шүүх эрх мэдлийн болон мөрдөн шалгах хууль сахиулах байгууллагын албан хаагч зорилтот бүлгийн иргэд буюу 3357 хүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх болон хүний эрхийн асуудлаар сургалт хийсэн байна. Сэтгэцийн тулгамдсан асуудалтай болон сэтгэцийн эмгэгтэй хүний эрхийг хамгаалах, төрийн албан хаагч, хуулийн этгээд, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллага, эмнэлгийн мэргэжилтний үүрэг гүйцэтгэх үйл ажиллагаанд хийх мониторинг, аливаа хэлбэрээр хүүхдийн эрх, эрх чөлөөг хязгаарлах, эс үгүй бол тухайн хүүхэд өөрийн хүсэлтээр гарч явах боломжгүй төрийн болон төрийн бус байгууллагууд хийх хяналт шинжилгээ мониторинг сэдэвт тусгайлсан гарын авлагуудыг эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор боловсруулжээ.
Эрүү шүүлтийн хор аюулыг тайлбарлан таниулах, эрүү шүүлтээс ангид байх эрхийг 8 удаа цахим мэдээллийн хэрэгслээр, 32 удаа олон давтамжтайгаар сурталчлан ажилласан бөгөөд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны талаар тухай бүр цахим хуудсаараа олон нийтэд мэдээлсэн байна. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны чиг үүргийн хүрээнд зөвлөмжийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагаа, Эрүү шүүлтийн эсрэг конвенцын нэмэлт протоколын шаардлагад нийцүүлэн явуулахад анхааран ажиллаж бүс нутгийн болон олон улсын сүлжээ байгууллагатай олон талт түншлэлийг хөгжүүлэх, үндэсний урьдчилан сэргийлэх байгууллагуудын бүсийн уулзалтад оролцох, ялангуяа хүний эрх, эрх чөлөө, хязгаарлагдсан газруудад хяналт тавих аргачлалын талаар харилцан туршлага солилцох олон улсын уулзалт үйл ажиллагаануудад идэвхтэй оролцох бодлогыг баримталж байгаагаа Я.Цэлмэн тайландаа онцлоллоо. Тухайлбал, Эрүү шүүлтийн эсрэг конвенцын нэмэлт протокол болон олон улсын хүний эрхийн стандартад нийцүүлэн Монгол Улсын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааг үр нөлөөтэй, бодитой, хүртээмжтэй зохион байгуулахад нэгжийн алба хаагчдыг чадавхжуулах, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааг бэхжүүлэхээр НҮБ-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх Дэд хороо, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг зэрэг байгууллагатай хамтран ажиллаж эхлээд байгаа юм байна.
НҮБ-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх дэд хороо манай улсыг үндэсний урьдчилан сэргийлэх механизмаа байгуулан, бэхжүүлж, дэлхий нийтийн хүний эрхийг хамгаалах үйл хэргийг тогтмол дэмжиж, идэвх санаачилга гаргаж буй явдлыг тухайлан сайшаасан байна. Гэвч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бусаар доромжлон харьцаж, хууль бусаар мөрдөх, нотлох ажиллагаа явуулан олон жилийн ял шийтгэсэн үйл баримт олон нийтэд дэлгэгдсэн талаар тайланд дурдагдав. Хүний халдашгүй байх, эрүү шүүлтээс ангид байх эрхийн ноцтой зөрчлийг илрүүлж, хор хохирлыг засаж залруулах, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээсэн болохыг дурдаад “Дахин ийм харамсалтай, хүний үнэт зүйл, мөн чанарыг үгүйсгэсэн харгис хэрэг гаргуулахгүйн тулд эрүү шүүлтийн эсрэг хамтдаа үр дүнтэй тэмцэж, үндэсний урьдчилан сэргийлэх механизмыг тогтолцооны хувьд бэхжүүлэх нь зүйтэй” гэв.
Монгол Улсын Үндсэн хууль Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийдэхийн эсрэг конвенц, түүний нэмэлт протокол, Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг, НҮБ-ын хүний эрхийн механизм, тэдгээрийн хараат бус шинжээч ажлын хэсгийн зөвлөмжийг гарцаагүй хэрэгжүүлэх шаардлагатайг анхаарч эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа Монгол Улсад шинээр бүрэлдэн бий болж байгаа эмзэг цаг үе гэдгийг мэдэрч маш олон хаалттай албаны цаана байгаа хүмүүсийн эрхийг хамгаалахыг чухалчлан хууль тогтоогч, улс төрч, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, хүний эрхийн болон нийгмийн зүтгэлтэн, судлаачид, иргэдийн оролцоо, дэмжлэг нэн хэрэгтэй байгааг тодотгон Монгол Улсын Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах замаар тулгарч буй сорил бэрхшээлүүдийг шийдвэрлүүлэх шаардлагатайг хэлж байв.
Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнгийн тайлантай холбогдуулан Байнгын хорооны дарга Б.Энхбаяр асуулт асууж, хариулт авсан. Тэрбээр хаалттай хорих анги дахь “улаан шугам” гэх шийтгэл, урьдчилан саатуулах хорих ангиуд дахь нөхцөл байдал, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг ямар нэг шийдвэргүйгээр хэрэгжүүлж байгаа талаарх мэдээллүүдийг хуваалцан Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн эдгээрийг судалсан эсэхийг тодруулж, хариулт авав.
Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр горимын санал гаргасан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4-т “Энэ хуулийн 112.2.2, 112.2.8, 112.2.12-т заасан танилцуулга, мэдээллийг холбогдох Байнгын хороо нэгдсэн хуралдаанд заавал танилцуулах бөгөөд бусад тайлан, илтгэл, мэдээллийг холбогдох Байнгын хороо хэлэлцээд, шаардлагатай гэж үзвэл нэгдсэн хуралдаанд танилцуулж болно” гэж заасан байдаг бөгөөд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг нэгдсэн хуралдаанд танилцуулах горимын саналаар санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 60 хувь нь дэмжсэн тул дээрх илтгэл, тайланг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Үүгээр хуралдаан өндөрлөсөн.