Халдварт өвчин судлалын үндэсний төв БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр "Улаанбаатар хотын сүрьеэгийн хавьтлын үзлэг хяналтыг сайжруулах нь" төслийг 2015 оноос хамтран хэрэгжүүлж байгаа юм. Уг төслийн хүрээнд нийслэлийн иргэдийг сүрьеэгийн шинжилгээнд хамруулах, эмч мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах сургалт зохион байгуулах, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг олон ажлыг үе шаттай хийж ирсэн.
Уг төслийн хэрэгжилтийн талаар санал солилцох уулзалт ХӨСҮТ-д болж, хэрэгжилтийн үр дүн болон бусад асуудлыг хэлэлцлээ. Уулзалтад ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан, дэд захирал О.Батбаяр, Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тархвар судлаач Д.Наранзул, БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн олон улсын хамтын ажиллагааны төсөл хариуцсан төвийн дарга Han ji Yen нарын хүмүүс оролцов.
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "2021 онд бүс нутгийн улс орнуудын дунд хийсэн судалгаагаар манай улс нь сүрьеэ өвчний дарамт өндөртэй 30 орны тоонд орсон. Тиймээс бид идэвхтэй илрүүлэг дээр онцгой анхаарч хяналт тавин ажиллаж байна. Бид хэдий сүрьеэ өвчний дарамт өндөртэй орны тоонд багтсан ч сүрьеэгээр өвдсөн иргэдийг илрүүлсэн тохиолдолд эмчилгээний амжилтаараа бусад улс орнуудаас илүү байна” хэмээн танилцуулаад “Манай улс 2015 оноос хойш БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж буй төслийн хамгийн гол зорилго нь бидэнд дутагдаад байсан идэвхтэй илрүүлэг рүү чиглэсэн байсан. Тиймээс төслийн хүрээнд Чингэлтэй, Баянзүрх дүүргийн 50 мянга орчим иргэнийг сүрьеэ өвчний эрт илрүүлэгт хамруулсан. Өмнө нь дээрх хоёр дүүрэгт энэ төсөл хэрэгждэг байсан бол эрсдэл өндөртэй дүүргийн тоог нэмж, зургаан дүүрэгт идэвхтэй илрүүлгийг хийж байна” гэсэн юм.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 9000 иргэнийг эрт илрүүлэгт хамруулж тэдгээрээс сүрьеэгийн халдвартай 214 хүнийг олж тогтоон хяналтанд авч эмчилгээг эхлүүлсэн байна. Мөн төслийн хүрээнд сүрьеэ өвчний эрт илрүүлгийг нэмэгдүүлэх чиглэлээр дэд бүтцийн буюу тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэхэд зориулан олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчнийг оношлох молекул биологийн лабораторийг байгуулж, далд сүрьеэг илрүүлэх сүүлийн үеийн шинэ технологийг нэвтрүүлэхээс гадна эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургах тал дээр хамтран ажиллаж байгаа юм.
ХӨСҮТ БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгтэй хамтран олон улсын таван хурлыг зохион байгуулсан бөгөөд энэ жил зургаа дахийг нь хийхээр төлөвлөж байгаа гэдгийг Ц.Билэгтсайхан захирал дуулгалаа.
БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн олон улсын хамтын ажиллагааны төсөл хариуцсан төвийн дарга Han ji Yen “Бид КОИКА байгууллагаас санхүүжилт авч, төслийг хэрэгжүүлдэг учраас тэднийг мэдээллээр маш сайн хангах хэрэгтэй байдаг. ХӨСҮТ энэ тал дээр бидний ажилд дэм болж, мэдээллээ давхардуулалгүй илгээх нь чухал байна. 2022-2023 онд хэрэгжиж буй хоёрдугаар шатны төслийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг маш тодорхой өгсөн нь төслийг сунгахад маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Үүнээс гадна дүүрэг болон орон нутаг дахь багууд маш сайн ажиллаж байгааг дурдах хэрэгтэй. ХӨСҮТ-өөс сайн чиглүүлж байгаа учраас төсөл амжилттай хэрэгжиж байна гэж дүгнэдэг. Судалгаанаас харахад илрүүлсэн өвчтөнд хийгдсэн эмчилгээний үр дүн бусад орнуудтай харьцуулахад өндөр харагдаж байгаа нь сайшаалтай байна” хэмээн төслийг хэрэгжүүлж буй ХӨСҮТ-ийнхөнд талархал илэрхийллээ.