Цаг үеийн мэдээ

Өнөөдөр үндсээрээ бүх зүйл болж байна уу? Үндсээр нь өөрчлөх үү, энэ хэвээр нь үлдээх үү? Үндсэн хууль гэж байгаа учраас үндэс суурь, үндсэн зарчим, үндсэн эрх юм. Авлига хахууль гэдэг халгай шарилжийн ишийг нь зулгаах уу, үндсийг нь таслах уу? Нэг Бадамжунайг шувуу зууж авчравч мянган шинэ Бадамжунай нэмж төрдөг хөрсийг нь эргүүлж солих уу? гэдэг сонголт.  

Ийм салаа замын уулзвар дээр ирээд байна. Үндсэн хуулиа өөрчлөх эсэх төслийг ирэх 1 дэх өдөр буюу  5-р сарын 1-нд өргөн барьж байж, сонгууль болохоос дор хаяж нэг жилийн өмнө хэлэлцэж амжина. 

1992 оноос хойш сонгогчийн тоо 2 дахин өссөн тул сонгогдогчийнх тоог бас 2 дахин олон болгоё гэж эрдэмтэд, намууд эхлээд санал нэгдсэн боловч АН-ын зарим гишүүн эргэж буцаад байна. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл УИХ-ын гишүүдийг 152 болгоход АН-ын эрх ашгийн үүднээс бэлэн биш байна гэж ам алдлаа. Үндсэн хууль өөрчлөх эсэх талаар тэр хүн өөр саналтай байж болох ч намын эрх ашгийн үүднээс хандаж байгаа нь анхаарал татлаа. Үндсэн хууль өөрчлөх нь ард түмний эрх ашиг юм уу, АН-ын эрх ашиг юм уу? АН-ын эрх ашиг юм уу, АН-ын УИХ дахь бүлгийн даргын эрх ашиг юм уу? 

1-рт, АН-д 152 нэр дэвшигч олно гэдэг биелшгүй даалгавар байж болно. 1990 онд төрөгсөд улс төрд итгэл хүлээж эхэлсэн байхад 1990 оноос хойш 34 жил АН-ыг завсаргүй зайдалж суугаа өвөө нарт чалх дутаж байж болно. 

2-рт, О.Цогтгэрэл Төрийн ордонд төмөр “бидон” биш махан бидон нүдсэн, Хөгжлийн банкнаас зээл авсан эрх ашгаа өөдөөс нь гаргаж тохирох сонирхол цухуйв уу? О.Цогтгэрэлийг Ерөнхий сайдын зөвлөх байхад дүрэм журам зөрчин, “Милко компани  гоймон үйлдвэр барихаар 750 сая,  “Тэсо” компани 2014 онд 5 болон 2 тэрбумын бусдаас хөнгөлөлттэй зээл авсан. 

3-рт, 152 гишүүнтэй болчихвол УИХ 4-5 намтай болно. Зөвхөн МАН, АН биш өөр намууд орж ирэх АН-ын эрх ашигт халтай юм уу? гэж асууя 

 УИХ 76 гишүүнтэй боловч өнөөх 30 гэр бүл, мөнөөх мөнгөний бүлэглэлүүд УИХ-д 20 кноп захиалсан байхад дурын хуулиа үйлдвэрлүүлж болдог. Олон жишээ байдаг ч энд ганцыг дурдъя. Аль социализмын үед 1965 оноос хайгуул хийж олсон Цагаансуваргын зэс, молибдений ордыг 2014 онд УИХ 20 орчим кнопоор л “МАК” компанид 100 хувь шилжүүлсэн байдаг.

Оюутолгой, Эрдэнэтийн дараа орох 1,8 сая тонн зэс, 10 гаруй тонн алтны нөөцтэй Цагаан суваргаас төр багадаа 34 хувь, цаашилбал 51 хувийг нь эзэмших боломжоо 20 кнопоор худалдсан. Нэг гишүүн нь бусдынхаа картыг хийж, зоогийн газрын үйлчлэгч шиг нааш цааш гүйх үед бүр ч цөөхөн кноп хэрэгтэй. Улс төсөв мөнгө 31 жилд 30 дахин өссөн учир тойрог бүрдээ 5 тэрбумыг зарж гарсан хүн гишүүн биш дарга, маш их мөнгө шийддэг бүдүүн дарга болсоор байна. Наанаа хувьсгалын том эрх ашиг яривч, цаанаа хувийн өчүүхэн эрх ашиг нь нуугдаж байдаг л гэдэг үгтэй юм шүү.  

Таны сурталчилгаа