Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар (2023.05.01) Үндэсний статистикийн хороонд ажиллаж, статистикийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тус хорооноос хийж хэрэгжүүлж буй ажлууд болон цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож, санал солилцлоо.
Үндэсний статистикийн хороо 2021-2025 оны стратеги төлөвлөгөөндөө тодорхой зорилтуудыг тавин ажиллаж байна. Тухайлбал, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, статистикийн системийн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвар, албан хаагчдыг тогтмол сургах, чадавхыг бэхжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, хүчин чадлыг дээшлүүлэх, хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн мэдээллийг оновчтой хүргэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа гэнэ. Мөн Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж буй юм байна.
Түүнчлэн статистикийн салбарыг орчин үеийн өгөгдлийн шинжлэх ухааны суурьтай хөгжүүлэх зорилго бүхий “Төрийн нэгдсэн мэдээллийн сан: Төрийн Их Өгөгдөл” төслийг улс орон даяар хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж буй юм байна. Уг төсөл хэрэгжсэнээр төрийн байгууллагуудын олон салангид мэдээллүүдийг холбож, уялдааг хангахад чиглэжээ. Төсөл Азийн Хөгжлийн Банкны буцалтгүй тусламжаар хэрэгжихээр болсон байна.
Статистикийн хорооны дарга Б.Батдаваа, “Хүний нөөцийн хувьд манай байгууллагын мэргэшсэн, чадалтай ажилтнууд цалин бага гэх шалтгаанаар өөр ажилд шилжих тохиолдол цөөнгүй гарч байна. Орон нутгийн нэгжүүд ажлын байргүй улмаас үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхэд хүндрэл үүсч байгаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шийдвэрлүүлэх хүсэлт тавьсан байгаа. Цалин нэмэгдүүлэх тал дээр хуульд тодорхой зааж өгөх шаардлагатай гэж үзэж байна. Иймд Статистикийн тухай хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага үүссэн. Мөн хүний нөөцийг чадавхжуулан бэхжүүлэх, нөөц бүрдүүлэх, орон нутгийн нэгжүүдийн ажлын байрны асуудлыг шийдвэрлэх, цалингийн шатлал дээшлүүлэх, анхдагч мэдээллийн чанарыг сайжруулах асуудлууд нэн тулгамдаад буй гэдгийг танилцуулга хийх үеэрээ онцолж байлаа.
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг “Статистикийн хорооны үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд жигдэрч, чанаржиж байгааг сайшаагаад статистик мэдээлэл гэдэг бодлого гаргах түвшинд хамгийн чухал зүйлийн нэг. Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд хэн нэгэн эргэлзэх ёсгүй. Та бүхний үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байх учиртай. Байнгын хороо хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжин ажиллах болно” хэмээсэн юм.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, судалгаа, шинжилгээний үйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшлийн байгууллагууд бий. Төрийн байгууллага энэ салбарт оролцох, тэдэнтэй зах зээлийг нь булаацалдах шаардлагагүй. Та бүхэн статистик мэдээлэл дээрээ төвлөрч анхаарч ажиллах хэрэгтэй хэмээгээд статистикийн хорооны веб сайтад хэт мэргэжлийн хэллэг ашиглахаас татгалзаж, иргэд мэдээлэл авахад төвөггүй байхаар зохицуулах, хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд энгийн үг хэллэг ашиглахыг санал болголоо.
Ташрамд дурдахад, Стастистикийн хорооноос боловсруулж буй хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд байгууллагын засаглалыг сайжруулах үүднээс хорооны дарга дан ганцаараа шийдвэр гаргадаггүй хамтын удирдлагатай болох, төрийн байгууллагуудын мэдээллийг нэгтгэх, гадны байгууллагуудаас захиалга авч өөрийгөө санхүүжүүлэх нөхцөлийг хангах, Судалгаа статистикийн хөгжлийн хүрээлэн байгуулах зэрэг онцлох асуудлуудыг тусгаж өгсөн байна