Цаг үеийн мэдээ

“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 05-ны өдрийн 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Гадаад валютын албан нөөц 2022 оны есдүгээр сард 2.5 тэрбум ам.доллар хүртэл буураад байсан бол 2023 оны дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар 3.7 тэрбум ам.доллар хүрч нэмэгдсэн байна. Улмаар эдийн засгийн бодит өсөлт Үндэсний статистикийн хорооны урьдчилсан тооцоогоор 2023 оны эхний улиралд 7.6 хувьд хүрсэн. Үүнд, уул уурхай болон үйлчилгээний салбар голлон нөлөөлжээ. Харин жилийн инфляц эхний улиралд 12.2 хувь байсан бол тавдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 10.3 хувь хүртэл буурсан байна.

Валютын нөөц нэмэгдэж, сүүлийн саруудад тогтвортой хадгалагдахад хилийн боомтуудын үйл ажиллагаа идэвхжиж, экспорт нэмэгдсэн нь нөлөөллөө. Тухайлбал, 2023 оны эхний 4 сарын байдлаар нүүрсний экспорт 19.0 сая тоннд хүрч, 2019 оны мөн үеэс 7.5 сая, өмнөх оны мөн үеэс 15.2 сая тонноор тус тус өссөн байна. Мөн бүх төрлийн ашигт малтмалын экспортын гэрээ гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системд бүртгэгдсэнээр мэдээллийн ил тод байдал хангагдаж, АМНАТ-ийн тайлагналт, орлого нэмэгджээ.

Таны сурталчилгаа