“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг тохиолдуулан эрүүл мэндийн салбарын нийт сувилагч нартаа зориулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, АУ-ны доктор Т.Мөнхсайхан өнөөдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтран үений эмгэгийн үзлэг, оношилгоог зохион байгуулж байна.
Үзлэг, оношилгооны урьдчилсан бүртгэлд нийслэл, орон нутгийн 200 гаруй сувилагч хамрагдсан бөгөөд одоогийн байдлаар, үйлчлүүлэгчдийн тоо 250-д хүрээд байна.
Тус үйл ажиллагаа өнөөдөр 10:00-16:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарын баг үе мөчний эмгэг, хэрх үе, гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс засал, гавал тархи, хүзүү нуруу, үений дурангийн үзлэг болон биеийн жингийн индекс тодорхойлох, рентген шинжилгээ, хэвлийн болон зөөлөн эдийн үений ЭХО, компьютер томограф, соронзон резонанст томограф буюу MRI зэрэг нарийн мэргэжлийн оношилгоог хийж байгаа юм.