Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, Анагаах ухааны доктор, зөвлөх зэргийн эмч Т.Мөнхсайхан “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг угтан эрүүл мэндийн байгууллагуудын нийт сувилагч нартаа зориулсан үений эмгэгийн үзлэг, оношилгоо, шинжилгээг Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтран амжилттай зохион байгууллаа.
Тус үзлэг, оношилгоонд нийслэл, орон нутгийн нийт 1044 сувилагч хамрагдсан бөгөөд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хамтарсан 50 орчим эмч нарын баг мөр, өвдөг, түнх, хөл, тавхайн эмгэг, хэрх үе, гавал тархи, хүзүү нурууны гэмтэл согог, үений дурангийн үзлэгээс гадна биеийн жингийн индекс тодорхойлох, зөөлөн эдийн үений ЭХО, рентген, компьютер томограф, соронзон резонанст томограф буюу MRI зэрэг нарийн мэргэжлийн оношилгоо, шинжилгээг хийж ажиллалаа.
Тухайлбал:
▪️ Үений дурангийн мэс засал-168
▪️ Хүзүү нурууны гэмтэл согог-120
▪️ Гавал тархины гэмтэл согог-61
▪️ Ревматологи-52
▪️ Рентген-334
▪️ MRI-37
▪️ CT-13
▪️ Биеийн жингийн индекс-82
▪️ Зөөлөн эдийн үений ЭХО-8
▪️ Давтан үзлэг-169 байна.
Эрүүл мэндийн салбарын тулгуур багана болсон сувилахуйн тусламж, үйлчилгээг хөгжүүлж, иргэд үйлчлүүлэгчдийнхээ энхийн манаанд цаг хором бүрд амсхийх чөлөөгүй зүтгэж буй сувилагч нарынхаа эрүүл мэнд, нийгмийн асуудалд анхаарал хандуулах нь хамгийн чухал юм.
Тиймээс энэ өдрийг зөвхөн сувилагч нартаа зориулж, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоонд хамруулан эрүүл мэндийн зөвлөгөө өгч, шаардлагатай зарим үйлчлүүлэгчид мэс заслын төлөвлөгөө боловсруулж, ая тухтай бөгөөд сэтгэлд нийцсэн үйлчилгээ үзүүлэхийг зорьсон нь олон хүний талархлыг хүлээсэн байна.