КОВИД-19 цар тахлын улмаас 2 жил завсарласан "Хавдрын эсрэг үндэсний аян-2023"-г эхлүүлэхээр ХААН банк, ХСҮТ, МҮОНРТ-ийн удирдлагууд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэ жил “Хавдрын эсрэг үндэсний аян” Хаан банк сангийн дэмжлэгтэйгээр Увс, Дорнод аймгуудад, орон нутгийн өөрсдийн дэмжлэгтэйгээр Дорноговь, Өмнөговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Завхан аймгуудад хэрэгжих юм.
ХААН Банк сангаас Хавдрын эсрэг аяныг дэмжин нийт 1 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт хийсэн нь нийгмийн хариуцлагын хүрээнд хүн амын сайн сайхны төлөө оруулсан томоохон хөрөнгө оруулалт болсон юм.
Аяныг хэрэгжүүлсэн 10 жилийн хугацаанд ХСҮТ-ийн хавдрын нарийн мэргэжлийн эмч нарын баг 72990 км замыг туулж, Монгол улсын бүх аймаг, дүүрэгт 2-4 удаа хүрч очин, зорилтот бүлгийн 125140 хүнд хавдрын эрт илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ хийж, хорт хавдрын 597 шинэ тохиолдлыг илрүүлэн оношилж шаардлагатай эмчилгээнд хамруулжээ.
Эдгээр илэрсэн хорт хавдрын 40 хувь нь эмчлэгдэж болох эрт үедээ оношлогдсон нь энэхүү аяны гол үр дүн болсон бөгөөд тэдгээрийн 34% нь мэс засал, 9% нь хими эмчилгээ, 7% нь туяа эмчилгээ, 7% нь хавсарсан эмчилгээ хийлгэсэн бол 43% нь орон нутагтаа хөнгөвчлөх эмчилгээнд хамрагдсан байна. Аяны хугацаанд орон нутагт нийт 513 мэс ажилбарыг хийн иргэдэд цаг хугацаа хэмнэсэн, чирэгдэл хүлээгдэлгүй чанартай тусламж үзүүлжээ.