Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт 2023 оны 5 сарын 7-наас 5 сарын 12-ны өдрүүдэд Францын Страссбургийн Их Сургуулийн Эмнэлгийн зүрхний зөвлөх мэс засалч Филлип Биллау профессор тэргүүтэй төрөлхийн гажиг, хүүхдийн зүрхний мэс заслын баг бүрэлдэхүүн уригдан ирж, хамтарсан багаар мэс заслын тусламж үйлчилгээг үзүүллээ.
Энэ удаа хамтарсан мэс заслын баг дотоодын мэргэжилтнүүд бие даан хийх хараахан боломжгүй хүнд хэлбэрийн зүрхний төрөлхийн гажигтай 03 сартай нярай хүүхдээс эхлээд төрөлхийн болоод олдмол гажиг хавсарсан 30 хүртэлх насны нийт 6 эмчлүүлэгчид уушгины вений бүтэн буруу оролтыг төгс засах, тосгуур ховдлын нэгдсэн сувгийг засаж хавхлаг нөхөн сэргээх, гол судасны өгсөх хэсэг болон нум солих, тосгуур хоорондын таславч болон ховдол хоорондын таславчийн цоорхой, артерийн битүүрээгүй цоргыг боон, цагаан мөгөөрсөн болон улаан хоолойг бөгжилсөн нэмэлт артерийг салгаж, эгмийн артерид залгаж хавсарсан гажгуудыг засах, хавхлаг нөхөн сэргээн зэрэг өндөр түвшний ур чадвар шаардсан мэс заслын тусламжийг амжилттай үзүүлж, эмчлүүлэгчдийн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарлаа. Мөн зайлшгүй нарийвчилсан оношилгоо хийж онош тодруулах заалт бүхий 30 эмчлүүлэгчид хамтарсан багаар үзлэг оношилгоо хийж, цаашдын эмчилгээний асуудлыг шийдвэрлэлээ.
Улсын гуравдугаар төв эмнэлэг нь Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол улсад хэрэгжиж буй зүрх судасны төслийн хүрээнд Францын Страссбургийн Их Сургуулийн Эмнэлэгтэй урт хугацааны туршид тогтвортой хамтран ажиллах гэрээ байгуулан, хамтарсан багаар ажлын байрны мэс засал сургалт хийх замаар зүрх судасны мэс заслын тусламж үйлчилгээний чадавхийг сайжруулж бэхжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа билээ.