Цаг үеийн мэдээ

Монгол Улсад анх удаа зохион байгуулсан Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт (2023.05.26) гурван өдөр үргэлжилсэн юм. Сургалтын үдээс өмнөх хөтөлбөрөөр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан, Б.Буянхишиг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгончимэг, Улсын Их Хурлын Тамгын газрын ахлах зөвлөх Б.Батчимэг нар “Фуллерийн” зарчмууд, түүний удирдлага, арга зүй, харьцуулсан эрх зүй ба эрх зүйн бүл, рецепци, хууль тогтоомжийн системчлэл, кодификаци, инкорпораци, консолидац болон хууль тогтоомжийн сан, бүртгэл зэрэг сэдвээр хичээл зааж, дасгал ажлууд хийв. Харин үдээс хойно сургалтад оролцогчид Улсын Их Хурлын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Парламентын боловсрол” хөтөлбөр болон Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Тамгын газрын чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалттай танилцаж, сургалтын үр дүн, ач холбогдлын талаар ярилцлаа.

“Парламентын боловсрол” хөтөлбөрийн талаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан танилцуулав. Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөнд иргэдэд парламентын боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг төлөвлөсөн бөгөөд эрдэмтэн судлаачид, багш нар, мэргэжилтнүүдийг оролцуулсан найман удаагийн уулзалт хэлэлцүүлгийг явуулсны үр дүнд хөтөлбөрийг боловсруулж, багшийн болон сурагчийн гарын авлага, сурах бичгүүдийг олон талын оролцоотойгоор хийсэн юм.

Ардчилсан тогтолцоонд парламент ямар үүрэг гүйцэтгэдэг талаар цогц, системтэй мэдлэг олгож, Улсын Их Хурлын үйл ажиллагааг хүүхэд, залуучуудад өөрсдийнх нь оролцоотойгоор тайлбарлан ойлгуулах, парламентын талаар зөв, бодитой төсөөлөл, хандлагатай болоход дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Парламентын боловсрол” хөтөлбөрийг 12-14, 15-17, 18-аас дээш гэсэн насны ангиллаар явуулж байна. Хөтөлбөрийн хүрээнд Өсвөрийн парламент, Сургагч багшийн, Парламентын мэтгэлцээний болон Төрийн ордонтой танилцах дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

Таны сурталчилгаа