Цаг үеийн мэдээ

Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсын уламжлалт найрсаг харилцааг улам бэхжүүлэхийг эрмэлзэн, “Тогтвортой хөгжлийн зорилго-2030”-ыг хэрэгжүүлэх, хоёр улсын хөгжлийн тэргүүлэх зорилтууд, байгалийн нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах үүрэг амлалтыг батлан, Өнөө болон ирээдүй хойч үеийнхээ төлөө байгаль орчныг хамгаалах ач холбогдлыг тэмдэглэн, Байгаль орчныг үр дүнтэй хамгаалахад дэлхийн нийтийн хамтын ажиллагаа, нэгдсэн зохицуулалт шаардлагатай ба энэ төрлийн үйл ажиллагааг бүс нутаг, үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх шаардлагатайг  хүлээн зөвшөөрч,  Хоёр улсын хууль тогтоомж, журамд нийцүүлэн ажиллахаар тохиров. 

Харилцан ойлголцлын санамж бичгийн зорилго нь Талууд харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмыг үндэслэн, тус тусын нөөц бололцоонд тулгуурлан байгаль орчныг хамгаалах хамтын ажиллагааг бэхжүүлэх, дэмжих, хөгжүүлэхэд оршино.

Энэхүү Санамж бичгийн зорилгод нийцүүлэн Талууд дараах чиглэлээр хамтран ажиллана. 

Үүнд:

- Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, дасан зохицох; 

- Экологийн нөхөн сэргээлт, биологийн олон янз байдлыг хамгаалах;

- Байгалийн нөөцийн тогтвортой менежментийг бэхжүүлэх, сайжруулах; 

- Эко аялал жуулчлалыг хамтран хөгжүүлэх;

- Заган ойг ойжуулах, нөхөн сэргээх;

- Агроэкологи, агро ойн аж ахуйг хөгжүүлэх;

- Байгаль орчны менежментийн чадавхыг бүрдүүлэх;

Талуудын харилцан тохиролцсон бусад чиглэлээр. Талууд боломжит нөөц, зохимжит хэлбэрийн хүрээнд хамтын ажиллагааг дараах хэлбэрээр дэмжинэ.

 Үүнд:

- Сайн туршлага, байгаль орчны баримт мэдээ, мэдээллийн харилцан солилцоо

- Шинжээч, судлаач болон төлөөлөгчдийн харилцан айлчлал

- Эрдэмтэн, судлаач болон холбогдох бусад төлөөлөгчдийн сургалт, уулзалтыг хамтран зохион байгуулах замаар чадавхыг бэхжүүлэх

 Хамтарсан төсөл, хөтөлбөрүүд боловсруулж, хэрэгжүүлнэ.

Харилцан ойлголцлын санамж бичгийг 5 жилийн хугацаатай байгуулж, Монгол Улсын Байгаль орчин,аялал жуулчлалын Дэд сайд М.Ганбаатар, БНКУ-ын Экологи, байгалийн баялгийн Дэд сайд Нуркен Шарбиев нар үзэглэв.

Таны сурталчилгаа