Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт Чингэлтэй дүүрэгт ажиллаж, тус дүүрэгт хийгдэж буй зарим бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцлаа. Дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт төрийн захиргааны байр, төрөх эмнэлэг, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт олон улсын жишигт нийцсэн нэгдсэн эмнэлэг барихаар газрыг чөлөөлсөн. Бүтээн байгуулалтын ажилд газар чөлөөлөлт нэлээд тулгамдсан асуудал болж байгаа,тиймээс иргэдэд таниулж ойлгуулах талаар анхаарч ажиллаж байгаагаа Дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл мэдээллээ.
Дэнжийн 1000-ын Цагаан байр орчмын замыг “Хүчит шонхор” захын уулзвартай холбосон 1,7 км авто замын ажил дөрөвдүгээр сарын 6-наас эхэлсэн, есдүгээр сарын нэгэн гэхэд бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа юм. Энэ нь гэр хороолол доторх анхны дөрвөн эгнээ зам болох бөгөөд Баянхошуу, Хайлааст чиглэлээс хотын төв орох чиглэлийн бусад замуудын ачааллыг бууруулж, авто замын түгжрэлийг багасгахад тодорхой нөлөө үзүүлнэ гэж тооцож байна. Газар чөлөөлөлтийн үйл явцыг эрчимжүүлж, тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэн ажиллахыг Хотын дарга холбогдох албаныханд үүрэг болгосон юм.