УИХ-ын сонгууль холимог тогтолцоотой болохтой зэрэгцэн, жижиг намууд улс төрийн хар зах дээр дамлагдан шаглагдаж байна. Жишээлбэл, Ногоон намыг ханцуйн дотроо олон тэрбумаар худалдах наймаа арилжаа эхэлсэн. Н.Номтойбаяр нарын олигархи улс төрчид үнэ ханш сонирхож байгаа талаар мэдээлэгдлээ. Парламентад 2-3 биш 5-6 нам суудал засч мэдэх зам нээгдсэн тул тамга, гэрчилгээнээс өөр юмгүй цүнхний хүчин ч гэлээ саналын хуудсанд дээрээсээ гуравт бичигддэг Ногоон намын үнэ өсч, ханш чангарчээ. Саналын хуудсанд дээрээсээ гуравт бичигддэг Ногоон нам О.Бум-Ялагчийн гарт байдаг бөгөөд бум түмээр яригдаж байна.
Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон улаан өнгөтэй МАН-аас улааныг үзэж урван, шар өнгөтэй ШИНЭ намд шарыг үзэж шарван, дэд дарга болжээ. Ер нь улааныг үзэж урван, шарыг харж шарвахад үзэл санааны биш өнгө мөнгөний хүчээр биеийг үнэлж, бэлгийг солилцох нь мэдээжийн хэрэг, мэргэжлийн дадал нь билээ. Улс төрийн тогтолцооны багц өөрчлөлт нь өнгө мөнгө, өвс тэжээл биш үзэл бодлогоо уралдуулах тоглоомын дүрэм юм.