“Муу төр өөрөө баахан ажил хийдэг.
Сайн төр бусдын ажиллахыг дэмждэг”
Энэ бол Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан бүх шатны 2700 гаруй засаг дарга нарын өмнө хэлсэн үг. Төр, үнэндээ бол төр нэртэй бүлэг хүн бүхнийг мэддэг үзэл санаа амь бөхтэй хэвээр байгаа нөхцөлд сэтгэлгээ, хандлага өөрчлөгдөж байна уу гэсэн горьдлого төрүүлсэн мэдэгдэл. Төр л хариуцна, төр л шийднэ гэсээр эрх барьж буй цөөн хүн өөрсдийн сонирхол, тархи, харааны хэмжээ, бодол төсөөллөөр бүгдийн хувь заяаг өмнөөс нь сонгож, өмнөөс нь зурах нь эрх чөлөө, илүү ирээдүй, хөгжил дэвшил, хүний эрхийг боомилон дөнгөлдөг. Цаг үеийн хөөсөн дунд бүгдийн хувь заяанд нөлөөлөх онц чухал үйл явдал, хөндөгдсөн асуудлууд анзаарагдалгүй өнгөрдгийн нэг нь 6-р сарын 9-нд болсон бүх шатны засаг дарга нарын нэгдсэн зөвлөгөөн. Бүх аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хорооны засаг дарга нарын нэгдсэн зөвлөгөөнд тавьсан Д.Амарбаясгалангийн илтгэлээс онцолж байна.
УЛС ТӨРИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ ӨӨРЧЛӨЛТ
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр улс төрийн тогтолцооны багц шинэчлэл дуусаагүй, харин дөнгөж эхэлж байна. УИХ-ын гишүүдийн зөвхөн тоог нь өсгөөгүй, тойрогт барьцаалагдсан тогтолцоонд оруулсан чанарын өөрчлөлтийн үр дүн хүлээгдэж байгаа юм. Үндсэн хуулийн өөрчлөлтөө улс төрийн нам, сонгуулийн хуулиар багцлан амилуулна. Үндэснээсээ мөчир ургадагтай адил органик хуулиудаар тогтолцооны өөрчлөлтөө амь оруулна. Засгийн газар Үндсэн хууль өөрчилсөн гол үзэл баримтлалаа 3000 засаг дарга нарт тайлбарлаж буйгаас үзвэл, УИХ-ын гишүүд мэддэггүй, шийддэггүй, оролцдоггүй юм гэж үлдээгүй, аймаг, дүүрэг удирддаг, төсөв мөнгө захирч зарцуулдаг, гарт нь хэт ихээр төвлөрсөн эрх мэдлийг задалж бутлах гол зорилгын талаарх мессеж илгээж байна. Дан ганц мажоритар буюу 76 тойрогт уваагдсан тогтолцоо зөвхөн мөнгөтэй хөрөнгөтэй нь сонгогддог ургийн гажиг үүсгэж, УИХ-ын гишүүн ард түмний элч төлөөлөгч байх Үндсэн хуулийн заалт хоосон тунхаг болоод байсан юм.
Улс орноо тойрогт хуваасан сонгуулийн хамгийн гол дутагдал нь санал ихээр гээж хаядаг. Сонгогчдын дийлэнх олонх 55 хувийнх нь санал бөөндөө үнэ цэнгүй болдог. +1 саналаар л 60-аас олон тойрогт ялчихдаг. МАН сонгогчдын 45 хувийн саналаар УИХ-ын суудлын 80 хувийг авсан.
Санал гээгдэж хаягдахын хэрээр нийтийн хүсэл сонирхол парламентад тусгалаа олдоггүй. Хамгийн гол нь үүнийг сөрөг хүчин биш МАН-ын генсек, сонгуулийн Ерөнхий менежер нь өөрсдийн ялдаг, 2016, 2020 онд дараалан эрх барьсан тоглоомын дүрмээсээ татгалзсан гол үндэслэлээ болгожээ. Залуучууд, ажилчин, эрдэмтэн сэхээтэн, нийгмийн олон янзын сонирхлын бүлгийн төлөөлөл УИХ-д орж ирдэггүй.
“Жагсаал цуглаан 4 жилд нэг болдог байсан бол жил бүр, улирал болгонд өрнөдөг болсныг Та бүхэн анзаарсан уу?” гэж Д.Амарбаясгалан асууж байна. МАН 2016, 2020 онд дараалан ялсан нь УИХ-ын 8 удаагийн сонгуульд гарсан ганцхан тохиолдол. Бусдад нь “хонины ээлж” тохиодог. Монголын улс төрийн богино зайтай, алсыг харж төлөвлөдөггүй, ирээдүйн өмнө үүрэх хариуцлага байхгүй. МАН анх удаа дараалан ялаад улс орны хөгжлийн бодлогыг урт хугацаанд төлөвлөх хэрэгцээг өнөөдөр эдэлж буй зовлонгоороо мэдэрч байгаа нь Д.Амарбаясгалийн хэлсэн үгнээс тодорхой байна. УИХ-д жалгандаа уягдахгүй 48 гишүүн орж ирснээр тойргоос хамаарсан төсөв том төслүүдээ явуулах бодлого барьдаг улс төрчид мэргэжлийн парламент бүрдэхэд нөлөөлнө.
Герман төрийн машинаа 1963 онд, тогтвортой улс төртэй Японд 1996 онд яг ийм багц хуулиуд баталж, иж бүрнээр нь өөрчилсөн туршлага загварыг монголчууд авч хэрэглэж байгаа юм байна гэж үзэж болох нь. Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нэг нэр дэвшигчээс гарах зардал багадаа 1,5 тэрбум төгрөг байсныг ихдээ 300-400 саяас хэтрүүлэхгүйгээр багасгана. Сонгуульд мөнгөний хүч, нөлөөлөл 5 дахин багасах нь тэр хэрээр авилгын уг сурвалжийг хумих бололцоо олгоно. Өнгө мөнгөний сонгуулиар гарч ирсэн хүмүүсээс үнэн шударга ёс хүлээдэг нь өөрөө монгол үлгэр юм. УИХ-д пропорциональ буюу намын жагсаалтаар суудал авах босго дэлхийн дундчаас нам, 3-4 хувь дээр тогтохоор байна. Дэлхийд дундач нь 5 хувь. Өндөр босгогүй байх тул 5-6 нам УИХ-д суудал засч, парламент олон өнгө, олон үзэл уралдуулсан талбар байх зам нээхээр тооцжээ.
Ерөнхийлөгч 18 жилийн дараа, 2005 онд батлагдсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга өргөн барьсныг УИХ хэлэлцэж батална. Намууд клиентелист буюу бэлэн мөнгөн амалдаг, албан тушаал, ашгийн төлөөх бүлэглэл болсныг өөрчилж бодлогын институцын зүгт түлхэх нь энэ шинэчлэлийн үндсэн гол зорилго. Хөгжингүй ардчилсан оронд улс төр бодлогын чөлөөт өрсөлдөөний дэвжээ байдаг. Эх нь булингартай бол адаг нь булингартай учир шилэн намууд болвол шилэн төр болно
ЛАЙ БОЛОХООР ЗАЙ БОЛДОГ ТӨР
Төрийн жилээс жилд данхайж томорсон бүтэц, элэгдэлд орсон төрийн машинд капитал засвар хэрэгтэй байна. Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Бүтэц зөв байвал бүх зүйл зөв байна. “Муу төр бүхнийг өөрөө хийдэг. Сайн төр бусдаар ажил хийлгэдэг” гэж санаандгүй хэлээгүй байх. Зөв бүтцээс зөв чиг үүрэгт шилжинэ. Мэргэжлийн хяналтыг ерөнхий газрыг татан буулгаж, байцаагч нар нь салбар салбарынхаа яаманд очсон. Салбарынхаа амьдрал, хөгжил, өөрчлөлтийг мэддэг байж мэргэжлийн хяналт тавина гэсэн логик агуулсан өөрчлөлт юм. Орон нутгийн засаг дарга нар иргэдийнхээ ашиг сонирхлыг хамгаалах эрх нь нэмэгдсэн. Учир нь яам, агентлагийн босоо удирдлагатай, хотоос томилогддог албан тушаалтнуудад шаардлага тавих хүчгүй засаг дарга нар орон нутагтаа олон нийтийн эрх ашгийг хамгаалъя гэвч шүдгүй арслангууд байж ирсэн.
Засгийн газар Эдийн засгийн хөгжлийн яамтай болсон нь Ч.Хүрэлбаатарт сандал тавьж өгч байгаа хэрэг биш. Хөгжлөө хэмждэг, төлөвлөдөг, тоо боддог, тооцоолж зурдаг яамтай болохыг зорьж байна гэсэн үг.
Монголын төр ер нь тоо боддоггүй, тооцоолж төлөвлөдөггүй, хэмжүүр шалгуур нь хийсвэр. Д.Амарбаясгалангийн хөндсөнөөр, жил бүр Засгийн газрын гаргадаг хөгжлийн төлөвлөгөөгөөр бие биенээ хуурдаг. Боломж нь 4 их наяд байхад Засгийн газар 10 их наядаар оруулж ирдэг, УИХ-ын гишүүдийн тойрог бүрийн улс төр, мөрөөдлийн жагсаалтыг нэмээд 12-13 их наядад хүргэж өсгөдөг. Дараа жил нь хийснээ хэмжихээр биелэлт нь үсрээд 35%. Биелэхгүй зорилт бичиж бие биенээ мэхэлдэг гажиг олон жил дамнан үргэлжилсэн.
Цахим хөгжил, харилцаа холбооны яам бол цайндаа орчихдог, хуралд суудаг, дотоод ажилтай, хувийн шунал, сонирхолтой хүн биш технологи үйлчлэх дэд бүтэц, шийдлийг ажил болгох үүрэгтэй шинэ яам. Тусгай сангууд, газар олголт, зөвшөөрлийн тухай мэдээллийг хүлээн авахад хялбар, хайлт хийх боломжтойгоор ил болгох, төрийн үйлчилгээг гар утаснаасаа хаанаас ч авах, авлигын уг үндсийг технологоор устгах, цаасан хүнд суртлыг цахим хөнгөн суртлаар солих гэх мэт гэрийн даалгавартай. Даахгүй нохой булуу хураана гэдэг шиг муу төр түмэн ажил үүрэг өөртөө авсан байдаг. Ухаалаг төр хийх ёсгүйгээ хийдэггүй. Засгийн газрын ХЭГ гэхэд Д.Амарбаясгаланг томилогдоход 1200 ам мерт талбай бүхий ресторан, 2 кофе шоп, цайны газар, хэвлэх үйлдвэртэй. Кофе, мантуун бууз зардаг төр. Жилд 20 сая төгрөгийн албан бланк хэвлэх ёстой үйлдвэртэй, зардал нь 300 сая төгрөг. 300 саяыг зарлагадаад, 20 саяын бланк хэвлэдэг нь төрийн өвчний шинж тэмдэг. Хувийн хэвлэх үйлдвэрт хийлгэчих ганцхан захиалгын ажлын төлөө 300 саяыг үрээд сууж байжээ. Төрийн ордонд GS 25 сүлжээ дэлгүүр ажиллаж эхлэхэд зарим нь шүүмжилж байсан бол 70 сая төгрөгийн түрээсийн орлого олдог болсон байна. Төрийн өмчит Багануурын уурхай өөрөө дэлгүүр ажиллуулдаг байхдаа эрүүл мэндэд муу найруулсан кофе л зардаг, ажилчид нь чихрийн шижин тусч байна гэж сэтгэл дундуур байсан. Сүлжээ дэлгүүр оруулж түрээсийн орлого ч олдог болж, чанадаг кофегоор үйлчилдэг болж, аль аль талд ашигтай, соёлтой бага юм шиг боловч сайн жишээ болжээ.
Засгийн газрын 340-р тогтоол баталж, хувийн компаниуд хийх боломжтой ажил, үйлчилгээг бүрэн шилжүүлэхээр болсны эхний жишээ баримтуудаас Д.Амарбаясгалан цухас хөндсөн нь энэ. Хувийн хэвшилд ашиггүй, үнийг нь чөлөөлөөгүй эрчим хүчний гэх мэт салбараа төр өөрөө нуруун дээрээ үүрээд, бусад ачаанаасаа салахын хирээр өрсөлдөөн үүсч, чанар нь дээшилж, авилгын хөрс багасна. Хотын дарга цас цэвэрлэх, усан оргилуур ажиллуулах, бохир соруулах хүртэлх 109 төрлийн ажил үүрэг, давхар ачаанаасаа салахаар төлөвлөж байна. Нийслэлийн засаг дарга МАН, АН-ын аль нь байхаас үл хамаарч хамгийн коммунист хот хэвээрээ, хэзээ ч сэтгэл ханамж хүлээх цэвэр цэмцгэр орчин бүрдэж байгаагүй. Хотын даргын 109 төрлийн ажил үүрэг, ачаа барааг энэ онд багтаан 50 болгож багасгах “Барбарос” төлөвлөгөө гаргаад байгаа юм байна.
Данхар төрөөс, бүх зүйлд хуруу гараа дүрдэг төрөөс авилгагүй маргааш, шударга ёс нэхэх нь уран зөгнөл юм. Төрд төрийн өмчит компаниудаа оруулбал 320 гаруй мянган хүн ажиллаж байна. Төрийн өмчит компаниуд 60 шахам их наядын өмч хөрөнгөтэй. Энэ нь Дотоодын нийт бүтээгдэхүүнээс 12 хувиар илүү. Монголчуудын жилийн туршид худалдсан, үйлдвэрлэсэн, үйлчилсэн хэмжээнээс төрийн өмч хөрөнгө нь давсан. Монголын тарган төр 12 их наяд төгрөгийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авдаг. Үүнийхээ 7 их наядыг нь өөрөө өөрөөс худалдаж авдаг нь дэлхийд ховор муу жишиг. Нэг халааснаасаа нөгөө халаасандаа юм зардаг, хамгийн чанаргүйг нь нугалсан үнээр худалддаг айл өрх, хүн, хувийн компани дэлхийд байхгүй, Монголд байна, тэр нь төр. Гучин жилийн өмнө ямар нийгмийн байгуулал сонгосон бэ? гэж асуухад хүргэх баримт. Төрийн өмчит компаниуд нэг л шинжээрээ хувилсан юм шиг адилхан. Тэр нь ашиг биш алдагдал. Төрийн мэдлийн 130 гаруй компанид цүнх баригчдын арми өсөн үржиж, ар өврийн хаалга 24 цаг онгорхой байдаг. 75 хувь нь ашиггүй. Ашгийнх нь 98 хувь нь хоёрхон компани, “Эрдэнэс Монгол”, Эрдэнэт үйлдвэрт оногдоно. Энэ хоёрыг хасвал 2 хон хувь нь ашигтай. Тоо юу хэлэв? гэдэг нь чухал. Төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг, хүний мөнгөөр хүүдэгнэнэ ч гэдгийн яруу тод баталгаа. Төрийн өмчит 130 гаруй компанийг 2 дахин цөөлж, энэ ондоо багтаан 60-аас хэтрэхгүй болгохоор төлөвлөжээ. Жишээ нь, зам засвар арчилгааны АЗЗА компани бүх аймаг, орон нутагт 25 захирал, 25 тамгатай байдаг. Ганцхан нь ашигтай, 8 нь жилд ердөө л 8-10 саяын ашигтай, 16 нь алдагдалтай. Монголоор нэг ашиггүй АЗЗА-нуудыг нэгтгэж нэг толгойтой болгоод байгаа юм байна.
Төр олон гар хуруутай, түүнийгээ юм бүхэнд ханцуй шамлан дүрнэ. Төрийн данхар бүтэц бол авилгын хамгийн тааламжтай орчин, хөрс тэжээл нь юм.
АТГ авилгын хохиролд хоёр их наядын хөрөнгө хурааж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө шүгэл үлээж, том том хэргүүд, далд битүү нууцууд илчлэгдэн дэлгэгдэж буй нь ахиц дэвшил боловч бүхэл бүтэн тогтолцоо болж, бүгдийн боломжийг тоносон, эдийн засгийн өсөлтийг залгисан хээл хахуулийн үр дагавартай нь хийж буй тэмцэл юм. Үр дагавартай үзэлцэхээс гадна үндэс хөрсийг нь орвонгоор нь эргүүлэхгүй бол өөр маршааш ирэхгүй. Засаглана гэдэг бол эцсийн дүнд засна, залруулна гэсэн үг. Хоног хураасан, хоноцын сэтгэлээр хугацаа дуусгах биш үр дагаврыг нь биш үндэс шалтгааныг өөрчилж чадахаас эсэхээс Монголын ирээдүйд гэрэл асаана.
Б.ЭГШИГ