Цаг үеийн мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.06.27/  Үндэсний мэтгэлцээний лигийн шилдэг оролцогчтой уулзлаа. Энэ жилийн мэтгэлцээнийг  УИХ-ын Тамгын газар,  “Тэнгэр” телевизтэй хамтран реалити шоу хэлбэрээр зохион байгуулсан юм.  Мэтгэлцээнд 40  багийн 200 өрсөлдөгч оролцсон бөгөөд эцсийн шатанд 20 оролцогч шалгарсан байна. Тэд нийгмийн тулгамдсан асуудал буюу авлига хээл хахуулийн асуудалтай хэрхэн тэмцэх вэ, нийслэлийн замын түгжрэлийн шийдэл юу вэ, Үндэсний баялгийн санг хэрхэн тэгш хуваарилах вэ зэрэг асуудал болон төсөв, боловсрол, хүүхдийн мөнгө зэрэг сэдвүүдээр баримт, нотолгоотой мэтгэлцсэн байна. 

УИХ-ын дарга Г.Занданшатар, мэтгэлцээн бол оюун ухааны спорт учраас ялагч байх нь чухал бус оролцогч байх нь хамгийн чухал. Харин ялагчид нь үзэгч, сонсогчид буюу олон нийт юм. Өнөө цагийн мэдээ, мэдээллийн давалгаанд сэтгэлийн хөөрлөөр хандаж, буруу, зөрүү дүгнэлт гарган, улмаар энэ бүхэн ардчиллын хөгжилд саад, тээг болж байна. Харин мэтгэлцээнээр дамжуулан олон ургалч үзэл бодлын дор баримт, нотолгоотой, эх сурвалжтай  мэдээллийг нийгэмд түгээж, залуучуудын дуу хоолойг олон нийтэд хүргэж чадаж байна. 

Энэ бол ардчиллын хөгжилд оруулж буй та бүхний хувь нэмэр төдийгүй шийдвэр гаргагчдад шийдлийг олоход баримт, нотолгоотой асуудал дэвшүүлж буй нь мэтгэлцээний тэмцээний ач холбогдол оршиж байна хэмээн онцоллоо. 

Монгол Улсын Их сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн оюутан О.Өгөөмөр, энэ жилийн мэтгэлцээнийг тэмцээн анх удаа реалити шоу хэлбэрээр зохион байгуулагдсан учраас олон хүнд хүрч, улмаар хууль тогтоогчид  анхаарал хандуулж байгаад талархаж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар залуучуудаа дэмжиж, дэвшүүлсэн асуудал, шийдлүүдэд хүндэтгэлтэй хандаж байгаа нь бидэнд урам зориг өглөө.  Миний бие илтгэлдээ замын түгжрэлийг бууруулахад нийслэлийн нүүлгэх нь шийдэл биш, харин цэвэр усны нөөц, хөрсний бохирдол зэрэгт анхаарлаа хандуулах ёстой гэдэг шийдлийг гарган  мэтгэлцэж, амжилт үзүүлсэн гэв. 

Цаашид Үндэсний мэтгэлцээний лигийн тэмцээнийг улам төгөлдөржүүлэн, оролцогчдын хүрээг тэлж, асуудлыг өргөн хүрээгээр нийгмийн анхааралд оруулж, ардчилал, шударга ёс, тэгш байдлыг хангахад залуучуудын дуу хоолойг түгээх нь хамгийн чухал хэмээн  ярилцлаа. 

“Үндэсний мэтгэлцээний лиг-2023” тэмцээний шүүгчээр УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар ажилласан юм. Тэрбээр энэхүү уулзалтад байлцаж, мэтгэлцэгч оюутнууд тэмцээний явцад улам сайжирч, аливаа асуудлыг дэвшүүлэн тавьж буй өнцөг, оновчтой байж, хөгжиж байсан  залуучуудаараа бахарсан гэв. 

Таны сурталчилгаа