Цаг үеийн мэдээ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XIX хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаар Хотын шуудын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай болон нэн яаралтай хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар болон бусад асуудлыг хэлэлцсэн юм. Төсвийн төслийн танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө танилцуулав. 

Монгол Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар энэ сарын 16-ны өдөр улсын нэгдсэн төсөвт болон дагалдах бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн төсөвт мөн тодотгол хийх шаардлага үүссэн юм. Нийслэлийн төсвийн орлогын хувьд 2023 оны эхний таван сарын байдлаар 740.3 тэрбум төгрөг төвлөрсөн байна. Энэ нь төсвийн орлогын төлөвлөгөө 26.5 тэрбум төгрөг буюу 3.5 хувиар тасарсан үзүүлэлт юм. Мөн хотын шуудын төсвийн орлогын төлөвлөгөө 0.3 хувиар, дүүргүүдийн төсвийн орлогын төлөвлөгөө 4.6 хувиар тус тус тасарсан дүнтэй байна. Сангийн яамнаас хянагдсан дүнгээр нийслэлийн төсвийн орлогыг 11 тэрбум 532.7 сая төгрөгөөр нэмэгдүүлэн 1 их наяд 928.2 тэрбум төгрөгөөр боловсруулсан байна. Харин хотын шуудын орлогыг 511 тэрбум 410.6 сая төгрөг байхаар тооцоолжээ. 

Төсвийн орлогын төлөвлөгөөнд орж байгаа өөрчлөлтийг орлогын нэр төрлөөр танилцуулбал: 

2023.07.01-нээс төрийн албан хаагчдын цалинг тодорхой хувиар нэмж байгаатай холбогдуулан дүүргийн төсөвт төвлөрч буй Цалин хөлс болон түүнтэй адилтгах ХХОАТ-ыг дүүргүүдийн татварын бааз, төрийн албан хаагчдын цалингийн сан, татварын ногдол, төлөлт, цалингийн өсөлтийг тооцсоны үндсэн дээр 24 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр 

Байгаль орчны яам нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр рүү шилжсэнтэй холбогдуулан тус яамнаас төвлөрч буй улсын тэмдэгтийн хураамжийн орлогын төлөвлөгөөг дүүрэг хороодод шилжүүлэх 

НӨААТҮГ-уудын 2022 оны санхүүгийн тайлангийн цэвэр ашиг болон ногдол ашгийн түвшинтэй уялдуулан хотын шуудын төсөвт төвлөрөх ногдол ашгийн орлогыг 1 тэрбум 362.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр 

Хотын төсөвт төвлөрч буй газрын дуудлага худалдааны орлогыг 6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх 

Соёлын төв өргөө болон Нийслэлийн архивын газрын үйл ажиллагааны орлого өссөнтэй холбогдуулан хотын шуудын төсөвт байгууллагын өөрийн орлогыг 214 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр 

Нийтийн тээврийг хөгжүүлэх төслийн нэгжийн ашиглалтаас үүссэн зээлийн төлбөр дууссантай холбоотойгоор хотын шуудын төсөвт төвлөрч буй хүүгийн орлогыг 6 тэрбум 43.8 сая төгрөгөөр бууруулахаар тооцсон байна. 

Харин төсвийн зардлын хувьд: 

УИХ-аас Төрийн албан хаагчдын цалингийн сүлжээг шинэчлэн тогтоосонтой холбоотойгоор нийслэл, дүүргийн төсвийн байгууллагын ажиллагсдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл, хороодын хэсгийн ахлагчдын урамшуулал цалингийн зардалд 10.5 тэрбум төгрөг нэмж тусгах 

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг нэгээр нэмэгдүүлэхэд шаардлагатай 505 сая төгрөгийг 

Газрын зөрчил арилгахад 2 тэрбум төгрөг, Хот тохижилтын бусад зардалд 20 тэрбум төгрөг 

Нийслэлд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний зардалд 5.9 тэрбум төгрөг 

Нийслэлийн үнэт цаас гаргах бэлтгэл ажлын зардалд 11.4 тэрбум төгрөг 

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хүүгийн зардлын зөрүүд 7.4 тэрбум төгрөг 

Улаанбаатар хөгжлийн корпораци ХК-ийн үйл ажиллагааны зардалд 1 тэрбум төгрөгийг 

Эмээлт эко аж үйлдвэрийн парк ХК-ийн дүрмийн сангийн хөрөнгөд 1 тэрбум төгрөгийг 

Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээнд 187 тэрбум төгрөгийг 

Боловсролын салбарын их засварын зардалд 7.5 тэрбум төгрөгийг тус тус нэмж тусгахаар боловсруулсан байна. 

Мөн нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг тодотгохдоо хэд хэдэн зарчмыг баримталсан байна. Тухайлбал, он дамжин хэрэгжиж буй төсөл арга хэмжээний хөрөнгө оруулалтыг гүйцэтгэл дээр суурилан нэмэх, шинээр хэрэгжих төсөл арга хэмжээнүүдийн тендер нь зарлагдаагүй бол хөрөнгө оруулалыг хасах, нийслэлийн иргэдээс гаргасан санал, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай төсөл, арга хэмжээг нэмэх зарчмыг барин ажиллаж байна.  

Хотын шуудын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах асуудлыг хэлэлцэв 

Хотын шуудын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай асуудлыг мөн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. 

Тэгэхдээ: 

Хотын шуудын 2022 оны орон нутгийн төсвийн орлогын гүйцэтгэлийг 514 тэрбум 109 сая 574.6 мянган төгрөгөөр, 

Орон нутгийн хөгжлийн сангийн орлогын гүйцэтгэлийг 13 тэрбум 56.5 сая төгрөгөөр

Нийт зарлагын гүйцэтгэлийг 888 тэрбум 77.2 сая төгрөгөөр, 

Орон нутгийн төсвийн зарлагын гүйцэтгэлийг 873 тэрбум 726.1 сая төгрөгөөр,

Орон нутгийн хөгжлийн сангийн зарлагын гүйцэтгэлийг 14 тэрбум 351.1 сая төгрөгөөр,

Нийслэлийн төсвөөс дүүргүүдэд олгосон санхүүгийн дэмжлэгийн гүйцэтгэлийг 7 тэрбум 919.8 сая төгрөгөөр, 

Нийслэлийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх шилжүүлгийн гүйцэтгэлийг 98 тэрбум 895.9 сая төгрөгөөр, 

Дүүргүүдээс нийслэлийн төсөвт төвлөрүүлэх шилжүүлгийн орлогын гүйцэтгэлийг 627 тэрбум 897.3 сая төгрөгөөр тус тус  батлав. 

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XIX хуралдаан нэгдүгээр хэлэлцүүлэгт хэлэлцсэн асуудлуудыг хурлын хороо, намын бүлгүүдийн хурлаар хэлэлцэхээр шилжүүллээ. Тус хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг 2023 оны 7 сарын 3-ны өдөр үргэлжилнэ.

Таны сурталчилгаа