Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла 2023 оны 7 дугаар сарын 6-9-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Лок Сабха-гийн дарга Ом Бирла-г хүлээн авч уулзана. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Лок Сабха-гийн дарга Ом Бирла-д бараалхана.

Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогыг бэхжүүлэх, манай улсын “оюун санааны хөрш”, бүс нутаг дахь чухал түнш Энэтхэг Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын харилцааг бататгах, улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд айлчлалын зорилго оршиж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Таны сурталчилгаа