Ардчилсан намын дарга Л.Гантөмөр боловсролын салбарын манлайлагч залуусаас бүрдсэн “Боловсролын зөвлөл”-ийг байгуулжээ.
Энэхүү Боловсролын зөвлөл нь “Сураад” системийн үүсгэн байгуулагч, боловсрол судлалын доктор Э.Энхпүрэв, Оксфордын Их сургуулийн дээд боловсролын магистр, UBC их сургуулийн докторант, дээд боловсролын хөтөлбөр судлаач Г.Орхон, “Хүүхэд бүрд компьютер" төслийг санаачлагч, Стэнфордын Их сургуулийн боловсрол судлалын магистр З.Энхмөнх, МУИС-ийн профессор, Монголын боловсролын үнэлгээний судалгаа хийдэг Б.Ганбат, Оюуны чадварын IQ төвийн захирал, Виржиниагийн технологийн Их сургуулийн боловсролын магистр Д.Өлзий-Эрдэнэ зэрэг боловсролын салбартаа манлайлагч, шинийг эрэлхийлэгч, бүтээлч залуусаас бүрджээ.
Шинжлэх ухаан, технологи, инновацын салбар асар хурдацтай тэлж буй энэ цаг үед боловсролын салбар хоцрогдолд орох нь дэлхийн хөгжлөөс хоцрох, улс орон хөгжихгүй байх суурь шалтгаан болдог. Тиймд дэлхийн боловсрол сууриараа өөрчлөгдөн хөгжиж буй үед хурдтай, бүтээлч ажиллах шаардлагатай байгааг тус “Боловсролын зөвлөл”-өөс онцоллоо.
Ардчилсан намын даргын дэргэдэх “Боловсролын зөвлөл” нь боловсролын салбарт тулгамдаж буй асуудал түүнд шаардлагатай шийдлийг танилцуулж, Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг даяар олон нийтээр хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Үүний үр дүнд тус шийдлүүдийг ирэх оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусган ажиллах юм.
Ардчилсан нам судалгаанд суурилсан бодлогын хүрээнд ажиллах бөгөөд салбар бүрд түүчээлэгч залуусаар хүрээгээ тэлж нийслэл хот, хөдөө орон нутгийг хамарсан хэлэлцүүлгүүдийг өрнүүлэн ажиллахаа илэрхийлж байна.