Цаг үеийн мэдээ

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.06.29/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцсэн.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, төслийн талаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураав.

Тухайлбал, төслийн 14 дүгээр зүйлд “Энэ хуулийн 14.1.2, 14.1.4-т заасан тусгай зөвшөөрлийг нэг хуулийн этгээдэд давхардуулан олгохыг хориглоно.”гэсэн агуулгатай 14.4 дэх хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн төслийн 31 дүгээр зүйлд “Төмөр замын суурь бүтэцтэй огтлолцох авто зам болон бусад төрлийн суурь бүтцийн зураг төслийг боловсруулахдаа төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөнө” гэсэн 31.4. дэх хэсэг болон “Энэ хуулийн 31.1-д заасан “бусад төрлийн суурь бүтэц" гэж “метро, трамвай, соронзон болон тусгай загвар бүхий түүнтэй адилтгах нийтийн тээврийн төмөр замыг ойлгоно.” гэсэн тайлбар нэмэх Ажлын хэсгийн саналыг дэмжих нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэв.

Түүнчлэн төслийн 44 дүгээр зүйлд “Төрийн захиргааны байгууллагын дэргэд төмөр замын тээврийн тарифыг оновчтой тогтоох асуудлаар дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий төмөр замын тээврийн тарифын орон тооны бус зөвлөл ажиллах бөгөөд Зөвлөлийн дүрмийг төмөр замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”, “Энэ хуулийн 44.5-д заасан Зөвлөлийн дарга, гишүүнийг төмөр замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн төрийн захиргааны байгууллагын дарга томилж, чөлөөлөх ба нарийн бичгийн дарга нь орон тооны байна”, “3өвлөл нь эдийн засаг, хөгжлийн, төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын төлөөллөөс гадна ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдийн төлөөллийг оролцуулсан таван хүний бүрэлдэхүүнтэй байна.” гэсэн агуулгатай 44.5, 44.6, 44.7 дахь хэсэг нэмэх Ажлын хэсгийн саналыг  хуралдаанд оролцсон гишүүдийн 67.5 хувь нь дэмжлээ.  

Мөн Төмөр замын тээврийн тухай (Шинэчилсэн найруулга) хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд “Төмөр замын зураг төсөл боловсруулах, техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ, суурь бүтцийн болон хөдлөх бүрэлдэхүүний эд ангийг үйлдвэрлэх, угсрах, засварлах үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжүүлэхээр зохицуулсан Төмөр замын тээврийн тухай (Шинэчилсэн найруулга) болон хамт баталсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, хэсэг, заалтыг Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу холбогдох зөвшөөрлийг нэмэх, задлах, хуваах, салгах, түүний хамрах хүрээг өргөжүүлэх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэсний дараа дагаж мөрдөнө." гэсэн агуулгатай 4 дүгээр зүйл нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.5 хувь нь дэмжив.

Ингээд Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.  

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв

Дараа нь Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын гишүүн Энхтайваны Бат-Амгаланг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны гишүүнээс чөлөөлж, Монгол Улсын Их Хурлын гишүүн Бадарчийн Жаргалмааг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр батлахаар тусгажээ. Төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 65.0 хувь нь дэмжсэн.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаагаас 2022 оноос 12 дугаар сарын 30-ны өдөр болон Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Энэ талаарх Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хийв.

Тэрбээр, Хууль зүйн байнгын хороо 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон зарчмын зөрүүтэй саналын томьёололтой холбогдуулан асуулт асууж, хариулт авсныг танилцуулгадаа дурдлаа.

Мөн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед хуулийн төслийн зарим заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг баримтлан нэг санал хураалт явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэнийг онцлон тэмдэглэв.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн энэхүү хуулийг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хариуцлага тооцсон, эсэх хуулийн төсөлд хариуцлагын асуудлыг чангатгасан талаар тодруулсан.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль 2012 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.-т хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч албан тушаалтанд сахилгын хариуцлага хүлээлгэнэ. Авлигатай тэмцэх газар энэ хүрээнд 2022 онд 653 албан тушаалтантай холбогдох гомдол, мэдүүлгийг хүлээн авч, 37 албан тушаалтанд хариуцлага хүлээлгэсэн. Цаашлаад уг төсөлд хууль зөрчсөн албан тушаалтныг чөлөөлөх, огцруулах, эгүүлэн татах хариуцлага хүлээлгэх асуудлыг тусгасан хэмээн Ажлын хэсгээс хариулж байлаа.

Мөн хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явуулсны дараа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг эхэллээ

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.

Энэ талаарх Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны 99, 102 дугаар захирамжаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн, Ж.Батжаргал, С.Ганбаатар, Г.Ганболд, Т.Доржханд, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсныг онцлов.

Мөн Байнгын хороо 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцлээ. Ажлын хэсэг Улсын Их Хурлын  “d-parliament.mn” цахим системд иргэдээс ирүүлсэн 52 санал, ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн, Ж.Батжаргал, Т.Доржханд, С.Ганбаатар, Ц.Мөнхцэцэг нараас ирүүлсэн 63 санал, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс ирүүлсэн саналууд, мөн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр улс төрийн 30 намын төлөөлөл оролцсон хуулийн төслийн хэлэлцүүлгээс гарсан саналуудыг үндэслэн намын бүртгэлтэй холбоотой асуудлыг Сонгуулийн төв байгууллага нягтлахаар байсныг Улсын дээд шүүх бүрэн хариуцах, бүртгэлтэй холбоотой журмыг батлах, намын хатуу гишүүнчлэлийн асуудлыг сулруулах зорилгоор нам нь гишүүд, дэмжигчтэй байхаар, нам бүх шатны сонгуульд намаас нэр дэвшигчийг сонгон шалгаруулах хороотой байх, намд олгох төрийн санхүүжилтийн хоёр хувийн босгыг нэг хувь болгож бууруулах, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Аудитын тухай хуультай нэр томьёог нийцүүлэх зэрэг зарчмын зөрүүтэй 61, найруулгын шинжтэй хоёр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Д.Өнөрболор, Б.Баттөмөр, Н.Учрал, Х.Булгантуяа, О.Цогтгэрэл, М.Оюунчимэг, С.Ганбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Гишүүд төслийн 17 дугаар зүйлд намын төлөөллийн төв байгууллагын гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь санал гаргавал намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно гэсэн өндөр босго тогтоосон шалтгааныг тодруулахын зэрэгцээ төслийн 19.4. дэх хэсэгт нам бүх шатны сонгуульд намаас нэр дэвшүүлэх хороотой байх бөгөөд хорооны бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, түүнийг байгуулах, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах болон үйл ажиллагааны журмыг энэ хуулийн 8 дугаар зүйлд, намын дүрэмд нийцүүлнэ” гэж заасан шалтгааныг тодруулж байлаа. Мөн улс төрийн намаас сонгуульд нэр дэвших гишүүдийн ёс зүйн хэм хэмжээ, тавигдах шаардлага, хязгаарлалтыг тодорхой хуульчлаагүй үндэслэлийг лавлав. 

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, “Хуулийн төсөлд намын Их Хурлаар дүрэм, мөрийн хөтөлбөр, намын дарга, төлөөллийн байгууллага батламжлах, хяналтын байгууллагаа сонгох гэсэн дөрвөн асуудал шийдвэрлэнэ гэж тусгасан. Намын Их Хурал дөрвөн жилд нэг л удаа болдог. Гэвч намын дүрэм, дарга өөрчлөгдөх шаардлага үүсвэл намын төлөөллийн байгууллагад ийм эрхийг олгоогүй явж ирсэн. Энэ удаа төлөөллийн байгууллагад ийм эрхийг олгохдоо гишүүдийн гуравны хоёрын дэмжлэгээр, дүрмийн гуравны нэгээс хэтрэхгүй байх буюу намын Их Хурлын бүрэн эрхэд байнга халдаад байлгахгүйн тулд хязгаарлалтыг тусгаж өгсөн. Гуравны хоёрыг өндөр байна гэж үзвэл хэлэлцүүлгийн явцад олонх гэж өөрчилж болно” хэмээн хариулсан.

Мөн тэрбээр “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт болон энэ хууль болон Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс нэр дэвших асуудлыг нээлттэй ил тод, хариуцлагатай болгох, намын хамт олны санал авдаг, намын гишүүдээр хэлэлцүүлдэг болох шаардлагатай талаар маш их санал ирүүлсэн. Энэ талаарх шийдвэр гаргах асуудлыг Сонгуулийн тухай хуульд төлөөллийн төв байгууллага байна гээд заасан байдаг. Иймд эл шийдвэрийг гаргахаас өмнө нэр дэвшигчээ сонгох, олон нийтээр хэлэлцүүлэх, шат шатны санал авах ажлыг зохион байгуулах хороотой байя гэж Ажлын хэсэг дээр ярилцсан. Иймд төлөөллийн байгууллага сонгон шалгаруулах хороотой, журамтай байх асуудлыг нарийвчлан тусгасан. Өөрөөр хэлбэл, намын дарга, цөөхөн хүний хүрээнд асуудлыг шийдвэрлүүлэхгүйн тулд хороо байгуулах зохицуулалтыг тусгасан. Эцсийн шийдвэрийг төлөөллийн төв байгууллага гаргана” гэх нэмэлт тайлбарыг өглөө.  

Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд хариултдаа, “Монгол Улсын Үндсэн хуульд иргэд үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх эрхийг нээгээд өгсөн болохоор улс төрийн намд ямар хүн элсүүлж болох, болохгүй тухай хуулиар зохицуулах боломжгүй. Хуулийн төслийг Ажлын хэсгийн хэдхэн гишүүд ярилцсан бус улс төрийн 30 гаруй намын төлөөлөл хэлэлцсэн. Тэд тодорхой олон асуудлуудыг улс төрийн намууд дотоод дүрмээрээ зохицуулах нь зүйтэй гэсэн  тул уг хуулиар хязгаарлалт тавьж болохгүй гэсэн байр суурийг дийлэнх олонх нь илэрхийлсэн” гэдгийг онцлов.

Мөн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд ч энэ зарчмыг барьсан байх. Тухайлбал, уг төсөлд  хуульд зааснаас бусад тохиолдолд намын гишүүн байх нь түүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, давуу байдал олгох үндэслэл болохгүй, Үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, нийтийн ёс суртахуун, хүн амын эрүүл мэнд, эсхүл хүний бусад үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалахад зайлшгүй, тохирсон хуульд зааснаас өөр хязгаарлалтыг эвлэлдэн нэгдэх, нам байгуулах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үндсэн эрх, эрх чөлөөг эдлэхэд тавьж үл болно гэж заасан” гэж байлаа.

Гишүүдийн асуулт, хариултаар үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлаж, үдээс хойших хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг үргэлжлүүлэхээр болов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Таны сурталчилгаа