Тав хүртэлх насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгааны нэг нь суулгалт өвчин юм. Хүүхдийн нас ба хоолны хэмжээнээс хамаарч өдөрт хүндрэх тоо хэвийн үед янз бүр байдаг ч сүүлийн 24 цагийн дотор гурав буюу түүнээс олон удаа усан, усархаг хүндрэхийг суулгалт гэнэ. Хэвийн тогтоцтой олон удаа хүндэрвэл суулгалт биш.
Суулгалт хэрэв 14-өөс цөөн хоног үргэлжсэн бол цочмог суулгалт гэнэ. Цочмог усан суулгалт шингэн алдалтын шалтгаан болох ба тураалд хүргэдэг. Суулгалтаар өвчилсөн хүүхэд биеийнхээ шингэнийг богино хугацаанд алдаж, алдаж буй шингэнийг нөхөхгүй бол хүүхэд шингэний дутагдалд орно. Хэрэв хоол тэжээлийн дуталтай, дархлаа суларсан хүүхэд суулгалтаар өвчилбөл эндэх эрсдэл нь илүү өндөр байдаг ба суулгах бүрт хүүхэд улам сульдаж, биеийн байдал нь доройтдог.
Илрэх шинж тэмдэг:
БӨӨЛЖИХ Олон биш, ихэнхдээ эхний хоногтоо зогсох ба суулгалттай зэрэг эхэлнэ.
УСАРХАГ ЗҮЙЛЭЭР (ЦУСГҮЙ) СУУЛГАХ Шингэн усархаг, хөөстэй, хурц үнэртэй, цайвар шаргал өнгөтэй, хөнгөн үед хүүхдийн будаа шиг баана. Суулгалтын үргэлжлэх хугацаа 6-8 хоног.
ХАЛУУРАХ Хордлогын шинж илрэх ба халууралт 38,5 хэм хүртэл байж болно.
Хэрэв хүүхэд бөөлжиж эсвэл суулгаж байгаа бол их хэмжээгээр шингэн алдаж байна гэсэн үг. Эмч нар үүнийг “Шингэн алдалт” буюу “Усгүйжил” гэж нэрлэдэг.
УСГҮЙЖИЛ болж байгаа үед дараах шинжүүд илэрнэ.
• Живх нь цөөн норох, шээс нь цөөрөх, эсвэл шар хүрэн өнгөтэй шээх
• Хүүхэд уйлах үедээ нулимс гарахгүй байх
• Ам нь хатаж, уруул нь омголтож хатах
• Нүдний ухархай нь хонхойх
Нярай хүүхэд шингэн алдалтанд орсон үед толгой дээрх зулай хонхойж харагддаг. /Зураг/
Авах арга хэмжээ:
• Та харьяа Өрхийн эрүүл мэндийн төв, Дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн кабинетад, мөн ажлын бус цагаар дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт цаг алдалгүй хандах шаардлагатай,
• Мөн дээрх эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөгөө өгөх утсанд хандан зөвлөгөө, мэдээлэл авах бүрэн боломжтой,
• Суулгалт өвчин нь усгүйжил буюу хордлогод амархан хүргэдэг тул хүүхдэд шингэнийг бага багаар байнга тасралтгүй уулгах шаардлагатай,
• Ердийнхөөс илүү чанарлаг, тэжээллэг, бага багаар ойр хооллож, гэрийн нөхцөлд амаар Шингэн сэлбэх давсны уусмал /хросол/, буцалсан ус зэргийг эмчийн зөвлөснөөр уулгах ба чихэрлэг ундаа, уух зүйлийг хориглоно.
• Хүүхэд хангалттай шингэн ууж байгааг нь хүүхдийн шээс цайвар шар, эсвэл тунгалаг бөгөөд живх нь ердийн байдлаар норж байгаа эсэхээр мэдэж болно.
• Хөхүүл хүүхдийг илүү олон удаа хөхүүлнэ.
• Суулгалтыг зогсоох зорилгоор ямар нэгэн эм бэлдмэл дур мэдэн өгч болохгүй. Энэ нь халдварын хугацааг удаашруулж болзошгүй.
• Хэрэв хүүхэд халдвар авч, шингэн алдалтанд орсон, тасралтгүй бөөлжих шинж тэмдэг илэрч байгаа бол заавал эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх ёстой.
Суулгалтыг гэрээр хэрхэн эмчлэх вэ?
• Шингэнийг ердийнхөөс илүү их уулгана, үүний тулд 5-10 мин тутамд 1-2 цайны халбага шингэн уулгана. Нэг удаад хэт их уулгах нь бөөлжилт үүсгэх эрсдэлтэй.
• Хүүхэд зөвхөн хөхөөр хооллодог бол шингэн сэлбэх давсны уусмал, цэвэр ус, хүүхэд нэмэгдэл хоол иддэг бол шингэн сэлбэх давсны уусмал, шингэлсэн усан шөл, будааны шүүс, тараг, хярам, буцалсан ус зэргийг уулгаж болно.
• 2 хүртэлх насны хүүхдэд суулгалт бүрийн дараа буюу суулгалт хооронд 50-100 мл шингэн,
• 2 ба түүнээс дээш насны хүүхдэд суулгалт бүрийн дараа буюу суулгалт хооронд 100-200 мл шингэн өгнө.
• Хөхийг хүссэн үед нь ойр ойрхон, аль болох удаан хөхүүлнэ.
• Өвчний эхний өдрөөс хоногт 8-10 удаа буюу 2-2,5 цаг тутамд хооллоно. 1 удаагийн хоол нь ердийн иддэг хоолны талаас ихгүй байхаар тооцно. /бага багаар ойр ойрхон хооллох/
• Өвчтэй хүүхдийн хоолонд сахар, нүүрс-усыг багасгаж, түүхий ногоо, жимс, сок, сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх хэрэгтэй.
Суулгалт өвчнөөс урьдчилан сэргийлэх аргууд‼️
• Хүүхдийг 0-6 сар хүртэл нь зөвхөн хөхөөр хооллох,
• Хүүхдэд 6 сараас нь эхлэн насанд нь тохирсон нэмэгдэл хоолонд оруулахын зэрэгцээ 2 нас хүртэл нь үргэлжлүүлэн хөхүүлэх,
• Хүүхдийн тэжээлийг найруулж буй болон уулгаж буй ус нь буцалгаж ариутгасан байх,
• Гараа байнга угаах. Хөхүүлэх, хооллох, хоол хийхийн өмнө, жорлонд орсон болон живхийг сольсны дараа 15 секундээс багагүй хугацаанд савандаж угаах. Хүүхдийнхээ гарыг ч мөн байнга савандаж угаах,
• Хүүхдийн угж, тоглоом, хөтөвчийг байнга угааж цэвэрлэх, шаардлагатай бол ариутгах,
• Гал тогоогоо цэвэр байлгах,
• Хоол ундыг нь бэлтгэх, хадгалахдаа ариун цэвэр эрүүл ахуйн нийтлэг дүрмүүдийг мөрдөх,
• Живхийг сольсны дараа гарыг савантай бүлээн усаар угаах, сольсон газар, орчныг спирт эсвэр хлор агуулсан цэвэрлэгээний бүтээгдэхүүнээр цэвэрлэж байх, живхийг битүүмжлэн боож хаях шаардлагатай.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР