Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 370 дугаар тогтоолын хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, тус салбарын төрийн болон төрийн өмчийн хуулийн этгээдүүд хамтран Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт 2023-2025 онд хэрэгжүүлэх хамтын хэлэлцээр”-ийг байгууллаа.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын түвшинд хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагатай хамтран ажиллахад энэхүү хэлэлцээрийн зорилго оршиж байна.
Тус хэлэлцээр нь 5 бүлэг 43 зүйлтэй бөгөөд хэлэлцээрийн хүрээнд 2023-2025 оны хооронд хэрэгжүүлэхээр салбарын ажилтан, албан хаагчдын албан тушаалын болон тарифт цалингийн хэмжээг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангуулах, ажилтан албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах хүрээнд тодорхой ажлуудыг авч хэрэгжүүлэхээр тусгалаа. Үүнд:
- Үндсэн цалин, хийснээр хөлс авдаг ажилтны гүйцэтгэсэн ажлын нэгжид ногдох цалингийн үнэлгээг инфляцын түвшний өөрчлөлт болон ажлын ачаалалтай нь уялдуулан нэмэгдүүлэх;
- Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үндсэн ажилтны албан тушаалын болон тарифт цалингийн доод жишгийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.2 дахин нэмэгдүүлснээс багагүй хэмжээнд хүргэх;
- Ажилтны мэргэшлийг дээшлүүлэх, өөр чиглэлээ мэргэшүүлэх, шинэ мэргэжил эзэмшүүлэх, байгууллага өөрчлөн байгуулагдах нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц, өмчийн харьяалал өөрчлөгдөхөд ажлын байрны баталгааг хангах;
- Ажилтны хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажлын байрны эрүүл ахуйн сургалтыг жил бүр, ажлын байрны нөхцөлийн үнэлгээг тоног төхөөрөмж нэмэгдэх, ажлын байрны орчин нөхцөл өөрчлөгдөх тухай бүрд хийх;
- Эрсдэлтэй ажлын байранд ажиллах ажилтныг даатгалд хамруулах;
- Ажилтны амьдрах нөхцөлөө сайжруулах, гэр хашаа, хувийн орон сууцтай болоход дэмжлэг үзүүлэх, орон сууц шинээр худалдан авах, хөнгөлөлттэй зээл авахад зориулж ажил олгогчоос дэмжлэг үзүүлэх гэх мэт асуудлуудыг онцолж байна.