Цаг үеийн мэдээ

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Украины төрийн тэргүүн Владимир Зеленский нар баасан гарагт Истанбул хотод хэлэлцээ хийлээ.

Хэлэлцээ хийснийхээ дараа Ерөнхийлөгч нар хамтарсан хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдийн асуултад хариулсан байна.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээг сунгах нь онцгой чухал болохыг тэмдэглэжээ. 

Тэрбээр “Жилийн хугацаанд үр тарианы зурвасаар /коридор/ 33 сая тонн бүтээгдэхүүн тээвэрлэсэн. Энэхүү гэрээний хугацаа долоодугаар сарын 17-нд дуусна. Одоо гэрээний хугацааг сунгах нь туйлын чухал юм. Турк улс энэ чиглэлд хүчин чармайлтаа үргэлжлүүлсээр байна. Энэхүү санаачилгыг хоёроос гурван сарын хугацаанд үргэлжлүүлэх нь чухал. Бид хоёр жилийн хугацаанд дэлхийн зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэхээр хичээж байна. Турк улс долоодугаар сарын 17-нд дуусгавар болох уг гэрээг сунгана гэж найдаж байна. Үр тарианы коридорыг хоёр жилээр сунгахыг хичээнэ” гэлээ.

Эрдоган мөн Турк улс Укрианыг үргэлжлүүлэн дэмжинэ гэдгийг нэмж хэлсэн байна. Түүний хэлснээр, тус улс Украин, Оросын хооронд энх тайван тогтоох хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ. 

“Мөргөлдөөн эхэлсэн цагаас хойш бид улс төр, эдийн засаг, аюулгүй байдал зэрэг олон салбарт тодорхой хэмжээний тусламж үзүүлж, Украинтай эв санаагаар нэгдэлтэй байгаагаа харуулсан. Мөн бид олон улсын эрх зүйд суурилсан хэлэлцээ хийх арга замаар дайныг зогсоохын тулд хамгийн эрчимтэй хүчин чармайлт гаргасан улс байсан” гэж Ерөнхийлөгч Эрдоган хэлэв. 

Эрдоган мөн Украиныг НАТО-д элсүүлэх асуудлыг хөндсөн байна. “Украин улс НАТО-д гишүүнээр элсэх эрхтэй” гэж Туркийн Ерөнхийлөгч хэлжээ.  

Түүнчлэн Украин, Оросын хооронд энх тайвныг тогтоох нь гол ажил гэдгийг Туркийн төрийн тэргүүн онцолсон байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Ерөнхийлөгч Эрдоганд болон Туркийн ард түмэнд дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлжээ. 

“Гол сэдэв бол манай Хар тэнгисийн бүс нутаг болон бүхэлдээ Европын аюулгүй байдал юм. Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг, мөн бидний энх тайвны томъёоллыг дэмжсэн Турк улсад талархаж байна. Энэхүү томъёоллын гол цөм нь улс орон, ард түмэн, эрх ашгаа хамгаалах явдал юм" гэж тэрбээр хэлсэн байна.

Үр тарианы хэлэлцээрийн тухайд Зеленский мэдэгдэхдээ, Киев үр тарианы хэлэлцээрийг удаан хугацаагаар сунгахыг дэмжиж байгаа, харин нэг улсын байр сууринаас хамаарах ёсгүй гэж онцлон тэмдэглэв.

Таны сурталчилгаа