“Монголд зочлох жил”-ийн хүрээнд “Welcome to Mongolia” уриатай Монголын эдийн засгийн форум-2023 эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэллээ. Түүний үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Эдийн засгийн форум”-д хүрэлцэн ирсэн эрхэм зочид төлөөлөгчид өө,
Монгол Улс 2010 оноос хойш Эдийн засгийн форумыг 14 дэх удаагаа зохион байгуулж байна.
Өнөөдрийн Эдийн засгийн форумд нийт 1500 орчим төлөөлөгч оролцож байна. Гадаадын 500 гаруй зочид хүрэлцэн ирсэн нь манай улс Эдийн засгийн форум зохион байгуулж эхэлснээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
Манай улсыг алс холоос зорин ирсэнд нийт монголчуудаа төлөөлж талархлаа илэрхийлье. Өнөөдрийн Эдийн засгийн форум монгол, англи, хятад хэлээр синхрон орчуулгатайгаар явагдана.
CNN-ийн судалгаагаар, дэлхий дахин Монгол Улсыг Чингис хааны түүх, онгон дагшин байгаль, хөх тэнгэр, ногоон тал, хурдан морь, эрэмгий дайчид, мэргэн харваачид, уул уурхай, сэргээгдэх эрчим хүчний салбараар илүүтэй төсөөлдөг нь харагдсан.
Тийм учраас энэ удаагийн Эдийн засгийн форумыг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн Монголын үндэсний их баяр наадамтай давхцуулан “Монголд зочлох жил”-ийн хүрээнд “Welcome to Mongolia” уриан дор зохион байгуулж байна.
Та төр, засгаас баримталж буй бодлого, манай улсын эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинтой танилцах төдийгүй Монголын түүх, соёл, өв, уламжлал, үндэсний урлаг, спортын цогц бэлгэ тэмдэг болсон Үндэсний их баяр наадмыг үзэж сонирхосноор манай орныг илүү их таньж мэднэ гэдэгт итгэлтэй байна.
Харилцан ашигтай хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт гэдэг бол бие биенээ илүү таньж мэдсэн, харилцан итгэлцэл, харилцан хүндлэл дээр тогтдог гэж боддог.
Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, хатагтай ноёд оо,
Монгол Улс бол дэлхийн хоёр том гүрний дунд оршдог ардчилсан улс. 1990 онд ардчилсан хувьсгал хийж, 1992 онд чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойш бидэнд олон сорилттой тулгарч байсан. Одоо ч үргэлжилж байна.
Гэвч монголчууд энэхүү сорилт, бэрхшээлийг хамтын ойлголцол, харилцан зөвшилцлөөр даван туулсаар ирсэн нь парламентын ардчиллын хамгийн давуу тал юм.
Саяхан завсарласан УИХ-ын хаврын чуулганаар Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, парламентын төлөөллийн чадамжийг нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуулинд тусгаж чадсанаар Монгол Улсын бодлого илүү тогтвортой, залгамж чанартай болж, хөрөнгө оруулалтын орчин шинэ түвшинд гарах эрх зүйн суурь реформ хийгдсэн гэж дүгнэж болно.
Монгол Улс хөгжлийн бодлого төлөвлөлтөө урт хугацаагаар харахыг эрмэлзэж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг батлан хэрэгжүүлж байна.
Энэ нь сонгуулийн үр дүнгээс хамаарч, төрийн бодлогын залгамж чанар алдагдаж, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад хүндрэл учруулдаг эрсдэлийг үе шаттайгаар бүрэн шийдвэрлэх зорилготой.
Эдийн засаг, хөгжлийн яам болон Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулагдсанаар хөрөнгө оруулагчдад нэг цонхоор нэгдсэн ойлголт өгөх, шуурхай, цогц үйлчилгээг нэвтрүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах нэгдсэн тогтолцоонд шилжсэн гэсэн үг юм.
Монгол Улсын Засгийн газар авлигатай тэмцэх цогц хөтөлбөрийг зарлаж, төрийн мэдээллийг ил тод болгож, төрийн 71 байгууллагын 839 үйлчилгээг цахимжуулсан “E-Mongolia” платформыг нэвтрүүлсэн. Энэ нь төрийн үйлчилгээг хилийн чанадаас ч шуурхай авах боломжийг бүрдүүлэх томоохон реформ юм. 2022 онд Монгол Улс Цахим засаглалын хөгжлийн индексээр өмнөх оныхоос 18 байр урагшилж, 193 орноос 74-т эрэмбэлэгдлээ. Нэг үгээр хэлбэл, нэг жилийн өмнө зохион байгуулсан “Эдийн засгийн форум-2022”-оос дэвшүүлсэн 10 зөвлөмжид бид туйлын хариуцлагатай хандаж, бид амжилттай хэрэгжүүлж чадсаныг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд “Эдийн засгийн форум-2023” нээлтийн үгэнд нүүр бардам хэлж байгаадаа баяртай байна.
Саяхан БНХАУ-ын Тяньжин хотноо “Алдагдсан 10 жилээ нөхөх нь” сэдвийн дор зохион байгуулагдсан “Зуны Давос” Дэлхийн эдийн засгийн форум нь бусад улс орны Эдийн засгийн форумууд ямар сэдэв хэлэлцэх, зөвхөн өөрийн үндэсний асуудлыг эхэнд тавих биш, хамтын шийдвэр гаргахад туйлын чухал саналуудыг гаргасныг онцлон тэмдэглэе.
Энэхүү форумын үеэр дэлхийн төр засгийн тэргүүнүүд, хөрөнгө оруулагч, эдийн засагч, судлаачид дэлхий нийтэд үүссэн цар тахал, цар тахлын дараах эдийн засаг, геополитикийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй санал солилцсон.
Дэлхий нийт хуваагдмал байна. Шинэ Хүйтэн дайны нөхцөл байдал улам гүнзгийрч, эцэг, эх салахад хүүхдүүд алийг нь сонгох вэ гэдэг шиг нөхцөл байдлыг хөгжиж буй улс орнуудад тулгаж байна.
Тиймээс эцэг эхчүүд буюу дэлхийн хөгжингүй улс орнууд илүү хариуцлагатай байж, шийдвэр гаргахдаа хүүхдүүдийнхээ үгийг сонсох зайлшгүй шаардлагатай байна.
Хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил гэхээс илүүтэйгээр өнөөдрийн дэлхий ертөнцөд улс төрчид бясалгалд суралцах тухай ч энэхүү форумын үеэр хөндөгдсөн. Энэ бол наргиан биш бодит байдал юм. Бид сайн засаглалыг бүрдүүлж, эдийн засгийн тогтвортой орчныг хангахын төлөө харилцан бие биенээ хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн орших нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн баталгаа, хөрөнгө оруулалтын макро тэнцвэрийг хангах ёстой.
Энэ үеэр миний бие Дэлхийн эдийн засгийн форумын үүсгэн байгуулагч профессор Швабтай дэлгэрэнгүй санал солилцож, далайд гарцгүй улс орнуудын дэд бүтэц, тээвэр логистикийн асуудлыг Дэлхийн эдийн засгийн форумд тусгайлан ярилцах саналыг дэвшүүлсэн.
Яагаад гэвэл далайн тээврийн үнэ нь агаарын тээврийн зууны нэг, төмөр замын тээврийн аравны нэг, авто замын тээврийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээний хямдхан байдаг. Тийм ч учраас далайд гарцгүй улс орнуудын хувьд тээвэр логистикийн үнийн өрсөлдөх чадвар болон дэлхийн эдийн засгийн интеграцчлалд хэрхэн орох вэ гэдэг нь хамгийн том сорилт байдаг.
Шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, их өгөгдөлд тулгуурласан хиймэл оюун ухааны шийдэл, далайд гарцгүй улс орнуудын тээвэр логистикийн асуудалд ойрын хугацаанд дэвшилтэт шийдэл гарна гэдэгт итгэж байна.
Энд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч, хөрөнгө оруулагч, судлаач, бизнесийн манлайлагчид, хэвлэл мэдээллийн байгууллага Та бүхнийг ч энэ асуудалд онцгойлон анхаарал хандуулж өгөхийг хүсье.
Ногоон хөгжлийн асуудалд бид эх дэлхий бол зөвхөн хүн төрөлхтний өмч биш, ан амьтдын ч гэр юм гэдэг дэвшилтэт хандлага шиг далай ч мөн далайтай улс орнуудын өмч бус, дэлхийн бүх улс орнуудын хамтын өмч юм. Бид боломжоо хуваалцах ёстой.
Миний хэлэх дуртай нэг үг байдаг. “Mongolia is landlocked, but not mind locked.”
Эрхэм зочид төлөөлөгчид өө,
Дэлхийн улс орнууд зөвхөн ганцаараа хөгжих биш, хамтдаа бие биенээ дэмжиж, боломжоо хуваалцах ёстой гэдгийг цар тахал бидэнд ойлгуулсан.
Вакцинжуулалт зарим улс оронд сайн хийгдсэн ч вакцин дутмаг улс орнуудад мутаци бий болсон. Цар тахал үргэлжлэх тусам зөвхөн улс орнуудын биш, дэлхийн эдийн засгийн хүндрэл гүнзгийрсээр байсан.
Энэ бол бид дахиж алдагдсан боломж гаргахгүйн төлөөх гашуун сургамж болсон.
Монгол Улс дэлхийн улс орнуудаас цар тахлыг хамгийн түрүүнд амжилттай давж гарсан жишиг улс орнуудын нэг болж чадсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Ерөнхий захирал ноён Тедрос Гебрейсус өнөөдөр Эдийн засгийн форумын үеэр Монгол Улсад айлчилж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Цар тахал бол түр зуурын зүйл, цаг уурын өөрчлөлт бол хүн төрөлхтөн орших эсэх тухай асуудал юм. Байгалийн гамшигт үзэгдэл дэлхийн улс орнуудад эрс нэмэгдэж байна. НҮБ-ын Цаг уурын байгууллагаас дэлхийн дулаарал Цельсийн нэг хэмээр нэмэгдэх бүрд өндөрлөг газарт орох хур тунадасны хэмжээ 15 хувиар нэмэгдэх болно гэж анхааруулж байсан. Энэ нь хол мэт сонсогддог байсан. Гэвч энэ жилээс туйлын бодитой гэдэг нь харагдаж байна. Зочид төлөөлөгчид Та бүхэн ч энэ удаагийн Эдийн засгийн форумын үеэр болж байгаа үер усны гамшгийг биечлэн харлаа. Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэл бол зөвхөн уриа биш, бодит үйлдэл хэрэгтэй гэдгийг эх дэлхий сануулсаар байна.
Нүүрсний экспорт голчилсон эдийн засагтай Монгол Улсын хувьд дэвшилтэт технологи, инновацид тулгуурласан ногоон эдийн засгийн загвар, сэргээгдэх эрчим хүч, ногоон хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэжлийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид Та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” санаачилгыг дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа нь Монгол Улс ногоон эдийн засгийн шилжилтэд бэлэн байгаагаа олон улсад илэрхийлсэн улс төрийн манлайлал юм.
Эрхэм хөрөнгө оруулагчид аа,
Монгол Улсын өнөөдрийн эдийн засгийн байдал тогтвортой байна.
Цар тахлын үед -4.7 хувийн уналттай байсан манай улсын эдийн засаг 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улиралд 7.9 хувь болж, Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам.доллар хүрсэн.
2022 оны арванхоёрдугаар сард “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, 2023 оны тавдугаар сард “Гэрэгэ” бондын 800 сая ам долларын өрийг бүрэн төлж, зээлжих зэрэглэлээ “B тогтвортой” түвшинд хадгалж, Монгол Улсын Засгийн газар хариуцлагатай байгаагаа олон улсын түвшинд илэрхийлж чадсан.
Экспортын 90 орчим хувь нь уул уурхайгаас хамааралтай Монгол Улсын эдийн засгийг илүү төрөлжүүлж аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, үүний дотор махны экспорт, ноолууран бүтээгдэхүүн, сэргээгдэх эрчим хүч зэрэг уул уурхайн бус салбаруудаа Та бүхэнтэй хамтран хөгжүүлэх сонирхолтой байна.
Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Оюу толгойн Гүний уурхайг ашиглалтад оруулснаар Монгол Улс зэсийн үйлдвэрлэлээр дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх тоглогч болж байна.
Өнөөдөр бидний хамтрагч хөрөнгө оруулагч Рио Тинто компанийн удирдах зөвлөлийн дарга Доминик, Гүйцэтгэх захирал Яакоб Стаусхолм тэргүүтэй хөрөнгө оруулагчид, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүд хүрэлцэн ирснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Цаашид бид зэс боловсруулах, цахилгаан машины үйлдвэрлэл зэрэг чиглэлээр ирээдүйн хамтын ажиллагааны талаар санал солилцох болно.
Монгол Улс экспортын нэг төмөр замтай байсан бол БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулж, “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд экспортын дөрвөн шинэ гарцыг ашиглалтад оруулж байгааг дуулгахад таатай байна.
Боомт сэргэснээр экспортын орлого 13 тэрбум ам.долларт хүрснийг дуулгахад таатай байна.
Эрхэм хөрөнгө оруулагчид аа, эрхэмсэг хатагтай ноёд оо,
Монголын сайхан оронд хүрэлцэн ирсэнд дахин талархал илэрхийлье.
“Монголын За андгай буй заа” хэмээх эцэг өвгөдийн язгуурын зарчмаа хүндэтгэж, хөрөнгө оруулалтын орчноо алхам алхмаар сайжруулах бодлогодоо Монгол Улсын төр засаг тууштай байх болно.
2024 оны нэгдүгээр сард, Щвейцарийн Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улс томоохон амбицтай оролцоно. Та бүхэнтэй тэрхүү чуулга уулзалтаар дахин уулзахын ерөөл дэвшүүлье.