Цаг үеийн мэдээ

Сэлэнгэ аймагт бороо үргэлжлэн орсны улмаас Мандал суманд байрлах “Хараа” голын гүүрний найман тулгуур баганын нэгдүгээр тулгуур өнөөдөр буюу долдугаар сарын 8-ны өдрийн 14:14 цагт доош нурж голын усанд хүрсэн.

Мөн Дархан-Эрдэнэт чиглэлийн авто замын 12 дахь км-т буюу Дарханаас Эрдэнэт рүү салдаг уулзварын урд талд Сайханы гүүрний ойролцоо Хараа гол зорчих хэсгийн дээгүүр давсан тул аймгийн Онцгой комиссын шийдвэрээр хөдөлгөөн хязгаарлаж, зам хаасан. Тус чиглэлийн хөдөлгөөн Ширээ нурууны гүүрээр үргэлжилж байгаа юм.

Бусад нутгаар цаг агаар тогтуун, авто замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа ч цаг уурын байгууллагын мэдээлснээр ойрын өдрүүдэд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул иргэд та бүхэн хөдөө орон нутагт зорчихдоо мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлэг мэдээллийг сайтар сонсож, баталгаат зам, гүүрээр зорчихыг Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ. 

 

Таны сурталчилгаа