Байгаль орчны салбарын олон улсын бодлого, чиглэл өөрчлөгдөж, улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хүлээсэн үүрэг амлалтаа ахиулан шинэчилж буй энэ үед салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал ач холбогдолтой.
Дэлхийн дулаарал, түүнд нөлөөлж буй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр Монгол Улс Парисын хэлэлцээрийн хүрээнд амласан амлалтаа 14 хувиас 22.7 хувь болгон ахиулсан бол Бүгд Найрамдах Киргиз Улс хүлэмжийн хийн ялгарлаа 2030 он гэхэд 15.97 хувиар бууруулах зорилт тавьсан байна.
Байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэг чиглэлээр хамтарсан судалгаа хийх, хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл солилцох, туршлага судлах, судлаач, мэргэжилтнүүдийн солилцоог зохион байгуулах нь Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс Биологийн олон янз байдлыг хамгаалах тухай конвенц, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенц болон бусад олон улсын хэмжээнд хүлээсэн үүрэг амлалтыг биелүүлэхэд дэмжлэг болно гэж үзэж байна.
Түүнчлэн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 6.1 дугаар зорилт, Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө зэрэг бодлогын баримт бичгүүдтэй энэхүү хэлэлцээр нь уялдаж байна. Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс нь экосистем, биологийн олон янз байдлын хувьд ижил төстэй тул хэлэлцээр нь дээрх бодлогын баримт бичгүүдийн хүрээнд тусгагдсан зорилтуудыг биелүүлэхэд хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
Хэлэлцээрийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, биологийн олон янз байдал, ойн экосистемийг хамгаалах, байгаль орчны мониторингийг сайжруулах, цэвдэг, мөсөн голыг хамгаалах, доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, ойжуулалт хийх чиглэлээр хамтран ажиллана.
Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар Бүгд Найрамдах Киргиз Улстай байгаль орчны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж бүрдэнэ.