Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-гаас Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан мэндчилгээ ирүүлэв.
Тэрээр мэндчилгээндээ Япон Улсын төр засгийн нэрийн өмнөөс болон Японы ард түмний өмнөөс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд болон монголын ард түмэнд Үндэсний их баяр Наадмын баярын мэнд хүргэж, өнгөрсөн жил Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Япон Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, олон улс, бүс нутгийн асуудлаар санал солилцсондоо баяртайгаа байгаагаа онцолж, бүс нутгийн чухал түнш болох Монгол Улстай хөгжүүлж буй харилцаагаа нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай Стратегийн түншлэл”-ийн хүрээнд өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлжээ.
Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд Роман Головченко Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд мэндчилгээ дэвшүүлэв.
Мэндчилгээнд “Хоёр улсын хоорондын үр ашигтай түншлэл цаашид ч үргэлжилж, хамтын ажиллагааны шинэ хэтийн төлөв нээгдэж, бараа эргэлтийг мэдэхүйц нэмэгдүүлж, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, тээвэр, боловсрол, шинжлэх ухааны салбарууд дахь харилцаа холбоог өргөжүүлэх болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Унгар Улсын Ерөнхий сайд Орбан Виктор Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд мэндчилгээ дэвшүүлэв.
Мэндчилгээнд “Унгар-Монголын найрамдлын түүх эрт дээр үеэс эхлэлтэй. Бид улс орнуудынхаа хооронд улс төр, эдийн засгийн төдийгүй боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт үр дүнтэй хамтын ажиллагаа тогтоосонд баяртай байна.
Манай улсууд хоорондын харилцан хүндэтгэл, найрамдалд суурилсан харилцааг бэхжүүлэх нь хоёр орны ард түмний эрх ашигт нийцнэ гэдэгт итгэлтэй байна. Хоёр орны харилцааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах алива санал, санаачилгатай холбоотойгоор та миний дэмжлэгт үргэлж найдаж болно гэдгийг батлан хэлье” гэжээ.
ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин ОХУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Монголын ард түмэнд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 102 жилийн ойг тохиолдуулан баярын мэнд хүргэв.
Түншлэл, харилцан хүндэтгэлийн зарчимд суурилсан Орос, Монголын найрсаг, сайн хөршийн харилцаа тууштай хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа М.В.Мишустин тэмдэглэж, Засгийн газрын шугамаар идэвхтэй хийгдэж буй ажлууд цаашид ч худалдаа, эдийн засаг, техник, шинжлэх ухаан, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлж, олон салбарт шинэ хамтарсан төслүүдийг эхлүүлэх боломжийг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.