Цаг үеийн мэдээ

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын “UNMISS” ажиллагааны “Юнити” секторт үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт Хүчний 12 дугаар ээлжийн цэгийн баг  “Төрийн далбааны өдөр”-ийн цэргийн ёслолын жагсаалыг 7 дугаар сарын 10-ны өдөр Хубилай баазад зохион байгууллаа. 

Цэргийн ёслолын жагсаалд хүндэт зочноор НҮБ-ын Юнити сектор дахь суурин зохицуулагч хатагтай Жен Кони, “UNMISS” ажиллагааны Юнити секторын командлагч бригадын генерал Эммануэль Ругазора, Гана, Пакистан, Вьетнам, Камбож, Энэтхэг улсын цэргийн багийн захирагч нар, секторын штабын болон ажиглагч офицерууд, цэргийн багийн бүрэлдэхүүн оролцлоо. Цэргийн ёслолын жагсаалыг ажиллагааны мандатын дагуу гүйцэтгэж буй үүргийг илэрхийлсэн хувцас хэрэглэл, зэвсэг, техниктэйгээр зохион байгуулснаар онцлог болов. Ёслолын жагсаалд 300 гаруй цэргийн алба хаагч, 40 нэгж техник хамрагдаж цэргийн багийн захирагч хурандаа Н.Эрдэнэбаяр командаллаа. 

Энэхүү арга хэмжээний үеэр цэргийн багийн захирагч хурандаа Н.Эрдэнэбаяр нийт бие бүрэлдэхүүнд хандан хэлсэн үгэндээ Монгол цэрэг – цэргийн хэргийн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужил, сахилга хариуцлагаараа дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” хэмээгдэн, эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж яваа нь та бүхний хичээл зүтгэлийн илэрхийлэл гэдгийг тэмдэглэн хэлэхэд бахдам сайхан байна хэмээгээд Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаж, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан, эв эетэй байж, даян дэлхийн амар амгалан, хүн төрөлхтний энх тайвны төлөө улам хичээнгүйлэн зүтгэж итгэлцэл, ухамсар, ур чадвар, сахилга хариуцлагатай байж зорилгодоо хүрэхийг онцоллоо. 

Энэ үеэр сарын тэргүүний салбар нэгж, цэргийн алба хаагчийг шагнаж урамшууллаа. “Тэргүүний офицер”-оор ажиллагааны удирдлагын тасгийн ажиллагааны төлөвлөлтийн офицер ахмад М.Ганбилэг, “Тэргүүний даргалах албан тушаалын ахлагч”-аар байлдааны хангалтын ротын эмнэлгийн бүлгийн ахлах сувилагч ахлах ахлагч А.Ариунтуяа, “Тэргүүний ахлагч”-аар хуягт тээвэрлэгчийн ротын гуравдугаар салааны хоёрдугаар тасгийн буудагч дэд ахлагч Д.Анхбаяр, “Тэргүүний эмэгтэй цэргийн алба хаагч”-аар хангалт үйлчилгээний ротын ээлжийн ахлах тогооч ахлагч Б.Юмхүү, “Тэргүүний салаа”-гаар гуравдугаар мото буудлагын ротын дэслэгч С.Төртогтох захирагчтай нэгдүгээр салаа, “Тэргүүний тасаг”-аар хошууч М.Түмэнжаргал даргатай сургалт, соёл хүмүүжлийн тасгийг тус тус шалгаруулан шагналаа.

Таны сурталчилгаа