Цаг үеийн мэдээ

Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад худалдаа хариуцсан Төрийн сайд Тани бин Ахмад Аль-Зивиуди Монгол Улсад 7 дугаар сарын 8-11-ний өдрүүдэд  ажлын айлчлал хийв. Айлчлалынхаа хүрээнд тэрээр Монголын эдийн засгийн форумд панелистаар оролцож, төр, хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзалтууд хийв. Айлчлал хийж буйтай нь холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Төрийн сайд Тани бин Ахмад Аль-Зивиуди-тай 7 дугаар сарын 10-ны өдөр уулзаж, Монгол, Эмиратын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Төрийн сайд Тани бин Ахмад Аль-Зивиуди-г Монгол Улсад айлчилж, айлчлалынхаа хүрээнд Монголын эдийн засгийн форумд оролцож буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт хөгжүүлэх, чингэхдээ харилцан ашигтай төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулалт татах, байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарт өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэлээ.

Төрийн сайд Тани бин Ахмад Аль-Зивиуди Монгол Улсад хэрэгжүүлж буй энэхүү айлчлал нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх зорилгын хүрээнд хөрөнгө оруулалт оруулах, хамтран ажиллах боломжтой салбар, чиглэлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах зорилготойг онцлов. Талууд сэргээгдэх эрчим хүч, дэд бүтэц, уул уурхай, хөдөө, аж ахуй зэрэг олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрх зүйн орчныг үргэлжлүүлэн бэхжүүлэхээр тохиролцов.

Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад худалдаа хариуцсан Төрийн сайд Тани бин Ахмад Аль-Зивиуди-гийн айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсад Тайширын усан цахилгааны станц барихад хөнгөлөлттэй зээл олгож байсан Абу Дабигийн хөгжлийн сан болон сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Масдар” байгууллагын төлөөлөл орж, Монголын хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзалтууд хийж, цаашдын хамтын ажиллагааны боломжийн тухай хэлэлцлээ.

Таны сурталчилгаа