Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн газраас Хэнтий аймгийг Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгон зарласан. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д “Мянганы суут хүн Их Эзэн чингис хаан” түүхэн аялал жуулчлалын үндэсний парк байгуулахаар тусгасан байдаг бөгөөд Хэнтий аймагт монголын төрт ёсны түүх, дурсгалын үнэт өв, нүүдлийн соёл, уламжлалт ахуйд түшиглэсэн бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. 

Тэгвэл эдгээр зорилтын хүрээнд Хэнтий аймгийн Чингис хотод музейн шинэ барилга ашиглалтад орлоо. Музей нь 1100 дэсийн 2100 гаруй эх үзмэртэй. Байгалийн өвийн танхим, Эртний түүхийн танхим зэрэг нийт 7 танхимтай. 

Музейн барилга нь орчин үе, уламжлалт хэв маягийг хослуулсан шийдэлтэй ба нэгдүгээр давхарт музейн стандарт бүхий сан хөмрөгийн 9 өрөө, кино үзвэрийн болон хурлын танхим, угтах хэсэг, бэлэг дурсгалын дэлгүүр, үзэгч, тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан тохижилт, бүрэн камержуулалт, харуул хамгаалалтын хэсэг, ажилтан албан хаагчдын хүүхдийн өрөөтэй.

Хоёр болон гуравдугаар давхарт үзүүллэгийн танхим, үзэгчдийн амрах хэсэг, кофе шоп, албан өрөөтэй. Түүнчлэн үзмэр, эд өлгийн зүйлийн аюулгүй байдлыг ханган зөөж тээвэрлэхэд зориулсан цахилгаан шат, аюулгүйн гарц, галын аюулаас урьдчилан сэргийлэх дохиолол хамгаалалт, тусгайлсан код бүхий хаалга, гэрэлтүүлэг гээд орчин үеийн стандартад нийцсэн музейн зориулалтын барилга байгууламж юм. 

 

Таны сурталчилгаа