“Монгол Улсад Олон улсын худалдааг хөгжүүлэх” буюу “EU TRAM -2” төслийн багийн ахлагч хатагтай Кармен Фратитаг Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр, Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга В.Ганзориг нар 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр Хатагтай Фратита хэлэхдээ: “Энэ 2023 онд Европын холбооноос “Монгол Улсад Олон улсын худалдааг хөгжүүлэх” шинэ төслийг хэрэгжүүлнэ. Уг төслийн хүрээнд Монгол Улсын холбогдох кластеруудыг дэмжиж ажиллахаас гадна экспортыг нэмэгдүүлэх, худалдаан дахь техникийн саад тотгорыг арилгана” хэмээн онцлон хэллээ. Мөн төслийн зорилго, ач холбогдлын талаар мэдээлэл өгсөн юм.
Харин СХЗГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр хэлэхдээ: “Манайд 2017-2021 онд хэрэгжсэн “Монголын худалдааг дэмжих “EU TRAM төсөл” нь үр өгөөжтэй, ихээхэн ач холбогдолтой байсан үүнийг тодотгох нь зүйтэй. Энэ удаагийн төслийн үр өгөөжийг стандартчилал, тохирлын үнэлгээний үйл ажиллагаанд оролцогч бүх талуудад хүргэх, үндэсний бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, албан хаагчдыг чадавхжуулах зэрэг олон чиглэлээр хамтын ажиллагааг өрнүүлэх хүсэлтэй байна” хэмээн хэллээ.
Энэхүү “Монгол Улсад Олон улсын худалдааг хөгжүүлэх” шинэ төсөл нь 4 жил үргэлжилнэ. “EU TRAM -2” төслийн хүрээнд Стандарт, хэмжил зүйн газартай хамтран бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалт, сорилт туршилтын лабораториуд болон Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн хүчин чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөө гаргах зэрэг хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.