Цаг үеийн мэдээ

Улирч буй онд Монголын спортын ертөнц үйл явдлаар өрнүүн байв. Монголын тамирчид  Парисийн олимпын наадамд оролцохдоо төрийн дууллаа эгшиглүүлж хараахан чадаагүй ч 2004 оноос хойш тасралтгүй үргэлжилж буй медалийн буухиаг энэ удаа тасалсангүй. Манай сайтын зүгээс улирч онд спортын ертөнцөд өрнөсөн онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна. 

I. МУГТ Э.Цэндбаатар таван холбооны бүс зүүв

Сонирхогчийн боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Азийн наадмын аварга, Ази тивийн аварга  гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар мэргэжлийн боксын рингнээ арван нэгэн хийж, таван холбооны бүс зүүж, одоогоор нэг ч ялагдаагүй явна. Мэргэжлийн боксын замналаа 2018 оны есдүгээр сард эхлүүлсэн тэрбээр өнгөрсөн хугацаанд таарсан өрсөлдөгч нам цохиж унагасаар Улаанбаатар хотноо чухал тулаанаа хийх боломжийг өөртөө нээгээд байна. Хамгийн сүүлд тэрбээр аравдугаар сарын 24-нд Френси Фортунаг  ялснаар  эх нутагтаа тулаан хийх эрхтэй болсон. Э.Цэндбаатар жингийнхээ 25 дугаарт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд 12 дахь тулаандаа ялахад эхний 20 дотор багтах боломж нээгдэх юм. Түүний ээлжит тулаан 2025 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр “АСА арена”-д болно. Э.Цэнбаатарын өрсөлдөгч хэн байх нь одоогоор тодорхой болоогүй байна. Нэгэн цагт Улаанбаатарын гудамжаар нүцгэн алхаж, ар араасаа зодооны хэрэгт холбогдож  багийн нөхдийнхөө чих халууцуулж  байсан Цэндбаатар хүчтэй уналтаас эргэн ирэлт хийж, Дэлхийн тулааны ертөнцийн оргил холбоо “WBO”-ын бүсний төлөөх дайралтаа амжилттай хийж байна. Одоо хоёроос гурван тулаанд ялахад л тэр “WBO”-ын аваргын бүсний төлөө тулалдах боломжтой. Энгийнээр тайлбарлахад мэргэжлийн бокс гэх асар том ертөнцийн бүх анхаарал Цэндбаатар дээр төвлөрнө л гэсэн үг. 

II. Дугуйтай аялагч Б.Очирвааний гайхамшигт түүх

Монголын хөлбөмбөгийн сонирхогчдын лигт тоглодог Б.Очирваань гэх залуу Улаанбаатараас Английн Манчестер хот хүртэл унадаг дугуйтай аялж дэмждэг клубийнхээ тоглолтыг эртний түүхт  “Олд Траффорд” цэнгэлдэх хүрээлэнд үзсэн явдал онцлох байв. 19 улсаар дамжиж нийт 14 мянган км замыг жилийн хугацаанд унадаг дугуйгаар туулсан энэ залууг Прьемер лигийн албан ёсны сайт онцолж Дэлхий нийтэд таниулсан нь улсаа сурталчилсан том үйл ажиллагаа байв. Их аяллын ард гарсан түүнд Английн шигшээ багийн довтлогч Уен Рүүний өөрийн биеэр баяр хүргэж, гарын бэлэг гардуулсан нь онцлох үйл явдал. Түүнд тохиолдсон гайхамшиг үүгээр зогсохгүй, “Олд траффорд” цэнгэлдэхэд болсон нөхөрсөг тоглолтод Очирваань оролцож, хөлбөмбөгийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн явдал болсон.  Тэрбээр тун удахгүй дараагийн аялалдаа гарахаар төлөвлөөд байгаа юм. 

III. Дэлхийн жүдогийн тод од Б.Баасанхүү

Өнгөрсөн онд Дэлхийн жүдо бөхийн ертөнцийн тод од нь Бавуудоржийн Баасанхүү байв. Монгол Улсын аврга шалгаруулах тэмцээнд гурав дахь удаагаа түрүүлж, Ази  тивийн аварга шалгаруулах тэмцээний  татамид гарсан тэрбээр мөн л ялагдсангүй төрийн дууллаа эгшиглүүлэв. Энэ гайхалтай формоо Дэлхийн аваргын дэвжээнд хадгалж хүчтэй өрсөлдөгч Италийн бөх Скуттог буулгаж авснаар энгэртээ шар медаль зүүсэн юм. Жингийн чансаагаа тэргүүлж Парисийн татамид гарсан тэрбээр амжилтаа баталж шигшээ барилдаанд шалгарсан ч Японы бөх Нацуми Цунодад  ялагдсанаар мөнгөн медалийн болзол биелүүлсэн. IJF буюу Олон улсын жудо бөхийн холбооны зүгээс оны заагт оны  шилдэг 10 жүдочийг шалгаруулсан бөгөөд үүндээ Б.Баасанхүүг онцолж буйгаа саяхан зарласан юм. 

IV. Паралимпын анхны эмэгтэй олимпын аварга

“Парис-2024” паралимпын наадмын таеквондогийн 52 кг-ын жинд тулалдсан  Уламбаярын Сүрэнжав олимпын аварга болов.  Тэрбээр Монголын анхны эмэгтэй олимпын аварга болсон юм.   Монголын таеквондогийн холбооны зүгээс  У.Сүрэнжавын паралимпын аварга болж төрийн дууллаа эгшиглүүлсэн наймдугаар сарын 30-ны өдрийг  “Монголын таеквондогийн өдөр” болгож тэмдэглэхээр тогтсон юм. 

Мөн пауэрлифтингийн хэвтээ шахалтын төрөлд   Э.Содномпилжээ 248 кг-ын штанг шахсан үзүүлэлтээр мөнгөн медаль зүүсэн юм. Ингэснээр   Э.Содномпилжээ  олимпын наадмын иж  бүрэн медалийн цуглуулгатай болсон амжилтыг бид спортын ертөнцийн онцлох үйл явдлаар нэрэлж байна. 

V. Паралимын хөнгөн атлетикийн төрлөөс медаль хүртэв

ДАШТ-ний  таван удаагийн  аварга теаквондочин  Ганбатын Болор-Эрдэнэ “Парис-2024” паралимпын наадмаас мөнгөн медаль зүүсэн нь онцлох үйл явдал байв.  Түүнчлэн  бөөрөнцөг түлхэлтийн төрөлд хүч сорьсон  Ц.Баттулга 11.9 метрийн зайд шидсэн үзүүлэлтээр мөн л мөнгөн медаль зүүв.  Монголчууд  Паралимпын наадмын хөнгөн атлетикийн төрлөөс медаль хүртэж буй нь энэ юм. 

VI. 10 дахь Дархан аварга Н.Батсуурь

Намсрайжавын Батсуурь улсын наадамдаа дөрөв дэх удаагаа түрүүлж Дархан аварга цолны болзлыг 37 насандаа биелүүлсэн нь онцлох үйл явдал мөн. Түүний тухайд Монгол Үндэсний бөхийн түүхэн дэх арав дахь Дархан аваргаар тодорсон юм. Н.Батсуурийн өвөө Жотойн Гэлэг  1950 онд Ардын хувьсгалын 29 жилийн ойгоор Дархан аварга Шаравын Батсууриар тав давж улсын начин цолны болзол биелүүлж байсан гэдэг.  

VII. The MongolZ түүх бүтээв

Цахим спортын авьяаслаг таван залуу монголчуудыг төдийгүй, ази тивийнхнийг омогшуулж чадлаа. “The MongolZ” багийн залуус Counter Strike (CS2) тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “Perfect word Shanghai Major-2024” тэмцээнд шөвгийн наймд шалгарсан. Ийн тэд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд шалгарсан Азийн хамгийн анхны баг болж, түүх бүтээв. Шөвгийн наймд шалгарсан багуудын бүрэлдэхүүн хоёроос дээш улсын тамирчдаас бүрдсэн бол “The MongolZ” багийн залуучууд бүгд Монгол. Тэд улсаа дэлхий дахинд сурталчилж, мөн өөрсдөө түүх бүтээв. 2024 оны LAN тэмцээнүүдэд “The MongolZ” 155 мап тоглож, 98 цувралд ялж, 50 цувралд хожигдсон буюу хожлын хувь 63 байв. 

БЭЛТГЭСЭН: Б.Амартүвшин

Таны сурталчилгаа