Цочмог явцтай миокардит буюу зүрхний булчингийн үрэвсэл нь богино хугацаанд зүрхний шок үүсэх, хэм алдагдах, амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орох, гэнэт нас барах зэрэг амь насыг туйлын аюултай байдалд хүргэдэг эмгэгүүдийн нэг бөгөөд энэ үед зүрхний хэвийн үйл ажиллагааг яаралтай сэргээх зорилгоор зүрх, амьсгалын механик дэмжлэг эмчилгээ зайлшгүй шаардлагатай болдог.
2023 оны 08 сарын 18-ний өдөр тус эмнэлгийн эрчимт эмчилгээ, зүрх судасны мэс засал, зүрхний хэм судлал, зүрхний эмгэгийн мэргэжлийн эмч нарын хамтарсан “ЭКМО баг” амьсгал, зүрхний цочмог хүнд дутагдалд орсон, амьсгалын цочмог дистресс хам шинжтэй, биеийн байдал маш хүнд, амь тэнссэн 18 настай эмчлүүлэгчид богино хугацаанд биеийн гадна хүчилтөрөгчжүүлэх, зүрхний дэмжлэг эмчилгээг вен-артерийн аргаар анх удаа холбон зүрхний шок, амьсгалын дистресс хам шинжийн маш хүнд байдлаас гарган, эмчлүүлэгчийн амь насыг нь аварлаа.
Энэхүү ЭКМО аппарат нь 2021 онд Ковид-19 цар тахлын үед Дэлхийн Банкны хөрөнгө оруулалтаар тус эмнэлэгт нийлүүлэгдсэн эмчилгээний дэвшилтэт технологийн нэг бөгөөд “ЭКМО баг”-ийн хамт олон өөрсдийн эмнэлзүйн практикт өнөөдрийг хүртэл зөвхөн вен-венийн аргаар холболт хийн ашиглаж байсан юм.