АН-ын дарга нар хуралдаж дарга нараа сонгосон байна. АН 15 атгаалжин дэд дарга, 1 хоргоолжин тэргүүн дэд даргатай боллоо. АН 1 Л.Гантөмөр, 1 ширхэг С.Баярцогттой, 15 ширхэг дэдтэй болсон байна. Социализмын үед МАХН орлогч гишүүн олонтой байсан бол АН капитализмын үед олон дэд даргатай болж түүх давтагдлаа. 17 дарга нь 17 чингэлэг спирт, нүүрсний 17 хулгайч, нэг өдөр чөлөөлөгдсөн 17 шүүгч, Сү.Батболдын үеийн 17 хувийн өсөлтийн хөөс хагарсан гэх мэтээр 17-гийн тоог огтхон ч зүгээр байлгадаггүй ёсоор 17 толгойтой боллоо. Цаашид АН дэд гишүүн элсүүлэх дэд төлөвлөгөө байгаа эсэх талаар дэд хороонууд нь хуралдах эсэх нь тодорхойгүй байна. АН-ын хурлыг үймүүлсэн Цэгмидийг АН-ын бүтэн гишүүн биш дөнгөж дэд гишүүн байсан гэж эх сурвалжууд мэдээлж байна. Нэг хүн элийрэгч Ц.Уянгад “Чи яагаад АН-д ороод ирэв? МАН-д орохгүй яасан юм. Ялахгүй шүү дээ. Сөнөж байгаа намд орж яаж байгаа юм гээд байсан нэг гар. Итгэл үнэмшил, үнэт зүйлээрээ намд ордоггүй юм уу гэсэн чинь би яах уу, тэнэг хулгайчуудыг харж баясдаг юм гэж байсан хүн өчигдөр нэг дэд дарга нь болчихсон, итгэл хүлээлгэсэнд баярлалаа, намын төлөө зүтгэнэ энэ тэр гэчихсэн зогсоно энэ тэр” гэж жинхэнэ элийрсэн тухай жиргэсэн байна. Тэнэг хулгайчуудыг харж баясахын тулд, бах таваа хангаж, балай их таашаал эдлэх гэж намын дэд дарга болно гэдэг нь хошин шогийн тоглолтын VIP тасалбар юм уу?