Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Гэгээн Ширээт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Фернандо Рейс болон албаны бусад хүн үдэн мордуулав.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар албан ёсны уулзалт хийж, олон нийтэд хандан үг хэлэв.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францист бараалхав.
Пап Францис Католик хамба, санваартнууд, шашин дэлгэрүүлэгчид, сахилт хүмүүс, шашны хариуцлагатны ажилтнууд, Монгол дахь шашны тэргүүн нар, төлөөлөлтэй уулзаж, талархал магтаалын мөргөл үйлдэх ёслол, “Энэрэл Нигүүлслийн өргөө”–ний нээлтэд оролцлоо.
Пап Францисын төрийн айлчлал хоёр улсын 800 орчим жилийн түүхтэй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх түүхэн айлчлал боллоо.