Энэ хичээлийн жилээс эхлэн төрийн өмчит 5 политехник коллеж, 1 хувийн политехник коллеж, 1 хувийн дунд сургууль олон улсын IT хөтөлбөрийг (Pearson BTEC IT international level 3) хэрэгжүүлнэ. Тодруулбал,
- Техник, технологийн политехник коллеж,
- Үйлдвэрлэл, урлалын политехник коллеж,
- Өмнөговь политехник коллеж,
- Хөвсгөл политехник коллеж,
- Дорнод политехник коллеж,
- Ховд политехник коллеж
- Олонлог эгзэ дунд сургууль зэрэг сургуулийн 35 багш Pearson BTEC Олон улсын мэдээллийн технологийн /түвшин 3/ хөтөлбөрийн хичээлийг заах, багш нарыг чадавхжуулах 4 өдрийн сургалтад хамрагдаж байна.
Сургалтыг нээж Боловсролын ерөнхий газрын Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээний хөгжлийн газрын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.Лхагвабаяр болон Pearson байгууллагын Европын бүсийн менежер Эдди Корнер, сургагч багш Нарендар болон Pearson-ий Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газрын захирал М.Найдалмаа нар үг хэллээ.
Сургалтыг Pearson BTEC -ийн олон улсын сургагч багш Нарендар удирдан явуулж байна. Тэрбээр олон улсад энэ чиглэлд 30 гаруй жил ажилласан туршлагатай эрхэм юм.
Тус хөтөлбөр нь дэлхийн 70 гаруй орны Засгийн газар, нэр хүнд бүхий ажил олгогчдод, мэргэжлийн холбоод, 300 гаруй их, дээд сургуулиудад хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд ажил олгогчид болон их дээд сургуулиудын хайж буй мэдлэг, ур чадварыг ажлын байрны бодит нөхцөл байдалтай уялдуулан чанарын өндөр түвшинд суралцагчдад олгодог гэдгээрээ давуу талтай. Тус хөтөлбөрөөр жил бүр 1 сая суралцагч төгсөж байна.
Pearson BTEC хөтөлбөрийн төгсөгчид үндэсний болон олон улсын мэргэжлийн дипломтой төгсөх бөгөөд ажлын байранд шууд гаран ажиллах эсвэл дотоодын болон гадаадын их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжтой болох юм.
Сургалт 2023 оны 09 дүгээр сарын 07 хүртэл үргэлжилнэ.