Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргийн төрийн албан хаагчидтай уулзаж, ажлаа авснаас хойш хэрэгжүүлсэн Гурван суурьт хөтөлбөр буюу Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглалын хөтөлбөр болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар танилцууллаа. Тус уулзалтад дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГ-ын харьяа хэлтэс, алба болон хэсгийн ахлагч, нийгмийн ажилчид болсон 600 орчим ажилтан, албан хаагч оролцсон юм. Газар нутгийн хэмжээгээрээ нийслэлийн хоёрт ордог Сонгинохайрхан дүүрэг нь 342,102 хүн ам, 43 хороотой.
Эрх зүйн хөтөлбөр 70, Эдийн засгийн хөтөлбөр 60, Эрүүл засаглал хөтөлбөр 40 гаруй хувьтай хэрэгжиж буй. Эрх зүйн хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хорооны гишүүдийн дэмжлэгтэйгээр Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан. Мөн Засгийн газар 2021 оны тавдугаар сарын 19-ний өргөтгөсөн хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудыг анх удаа цогцоор нь хэлэлцэн, хотын түгжрэлийг шийдэхэд жил бүр 420 тэрбум төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалтыг үлдээх түүхэн шийдвэр гаргасан юм. Түүнчлэн нийслэл анх удаа үнэт цаас гаргах эрхтэй болсон бөгөөд энэ нь ажил хэрэг болж, нийслэл бонд гаргах зөвшөөрлөө аваад байна.
Нийслэлийн Засаг даргын дэргэд Бодлогын судалгаа, шинжилгээний төвийг анх удаа байгуулж, гадаад, дотоодын эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнг үндэслэн шийдвэр гаргаж байгааг Хотын дарга онцолж байлаа. Тус төвөөс Улаанбаатар хотын хөгжлийн индексийг 0.464 гэж тодорхойлсон бөгөөд 2050 онд 0.930-д хүргэхээр зорьж байна. Тиймээс шалтгаанд суурилсан бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг хэлж байв.
750-3500 хүртэлх сурагчтай, хүчин чадал нь хэтэрсэн ерөнхий боловсролын 169 сургуульд 313,473 сурагч суралцаж байгаа бөгөөд эдгээр нь хотын төвд төвлөрсөн байгаа юм. Энэ бол түгжрэлд нөлөөлөх нэг том хүчин зүйл. Учир нь сургуулийн хүртээмжгүй бүсүүдээс ойролцоогоор 91 мянга гаруй хүүхэд тус сургуулиудад ирж, суралцаж байна. Тиймээс гэр хорооллын бүсэд ерөнхий боловсролын 52 сургууль нэмж байгуулснаар боловсролын хүртээмж нэмэгдэж, түгжрэлд тодорхой хэмжээгээр эерэг нөлөө гарах юм. Мөн дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, их, дээд сургуулиуд болон лицей сургуулиудыг нүүлгэх шаардлага бий.
Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын багц хуулийг боловсруулж, цогц байдлаар нь баталж чадвал эдийн засаг хийгээд засаглалын хувьд эрүүлжинэ. Тиймээс ч бодлогын хэрэгжилтийг хангахад бүх шатны уялдаа холбоо чухал учир уг уулзалтыг зохион байгуулж буй. Энэ бүгдийг судалгаа, шинжилгээнд суурилан боловсруулж, шийдвэр гаргаж байгаа” хэмээсэн юм.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Нийслэлээс хэрэгжүүлж буй цогц бодлогын хүрээнд дүүргийн бүхий л салбарт ахиц гарган ажиллаж байна. Тухайлбал, Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвөөс гаргасан судалгаагаар уруйн үерт өртөх эрсдэлтэй 75 байршил байгаагаас 20-ыг нь үерийн өндөр эрсдэлтэй бүс хэмээн тогтоосон. Үүнээс 11 байршил нь дангаар Сонгинохайрхан дүүрэгт харьяалагддаг гэсэн судалгаа гараад байна. Үүний дагуу цаашид үерийн 44.9 км далан шуудуу хийхээр төлөвлөж байгаа. Мөн одоогоор 5.38 км үерийн далан шуудуу хийсэн бол нэг байршилд 3.6 км үерийн далан хийж байна” гэлээ.
Уулзалтын төгсгөлд төрийн албан хаагчид тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар байр сууриа илэрхийлж, Хотын дарга асуултад хариулж, санал, хүсэлтийг хүлээн авч, бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.