Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд зохион байгуулж буй “Эрүүл мэндийн технологи-2023” олон улсын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр /2023-09-22/ “Мишээл экспо”-д боллоо.

Гурван өдрийн турш үргэлжлэх энэхүү үзэсгэлэнд БНСУ, БНХАУ-ын 17 компани, 30 гаруй орны эм, эмнэлгийн хэрэгслийн төлөөлөгчийн газар, Монгол Улсын төрийн болон хувийн хэвшлийн 16 эмнэлэг,эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх 50 орчим байгууллага оролцож байна.

“Эрүүл мэндийн технологи” үзэсгэлэнг 24 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн хувьд олон улсын үзэсгэлэн хэлбэрээр өргөжүүлснээрээ онцлог гэдгийг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд нээлтийн ёслолд зориулан хэлсэн үгэндээ онцгойлон дурдаад “Монгол Улсад орчин цагийн эм хангамжийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиож байна. Их жанжин Д.Сүхбаатарын шийдвэрээр Цэргийн төв эмнэлгийн дэргэд анхны эмийн сан 1923 оны аравдугаар сарын 25-нд байгуулагдсанаар эм хангамжийн салбарын түүх эхэлсэн хэмээн үздэг бөгөөд энэ удаагийн үзэсгэлэн тус салбарын нэгэн зууны хөгжил дэвшлийг харуулах болно” гэсэн юм.

Үзэсгэлэнг цахим (виртуал) хэлбэрээр зохион байгуулж, оролцогч байгууллагуудын дэвшилтэт техник технологи, бүтээгдэхүүнийг олон нийтэд хүргэж, буй бөгөөд эрүүл мэндийн салбарт шинээр нэвтэрсэн эмчилгээ, оношлогооны дэвшилтэт технологи, арга аргачлал, гадаад болон дотоодын эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүнтэй танилцах боломжтой юм.

Мөн эдгээр өдрүүдэд “Эм зүйн салбарын хөгжил ба шинэ хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал,  Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн тавдугаар чуулга уулзалт болно.

Таны сурталчилгаа