Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Их Хуралд суудалтай намуудын төлөөллөөс бүрдсэн төлөөлөгчдийн баг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад 2023 оны 09 дүгээр сарын 24-нөөс 29-ний өдрүүдэд ажиллаж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдах дараагийн парламент 126 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулна. Тус парламентын өдөр тутмын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт болон хуралдааны дэгийг боловсруулахад парламентын соёл өндөр хөгжсөн улс орнуудын туршлагыг судалж, олон улсын сайн жишигт нийцүүлэх зорилтыг дэвшүүлсэн.

Манай улс 1992 оноос хойш ХБНГУ-ын хууль, эрх зүйн орчныг судалж, хуулийн мэргэжилтнүүдтэй олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн түүхтэй бөгөөд энэ нь хууль, эрх зүйн орчин болоод парламентат ёс, соёлын тухайд зарим байдлаар адил төстэй нөхцөл бүрдүүлснийг судлаачид хэлдэг. Иймд ХБНГУ-ын Бундестагийн үйл ажиллагааг судлах зорилгоор төлөөлөгчдийн баг илгээсэн.

Төлөөлөгчид Бундестагд ажиллах хугацаандаа парламентын бүтэц, байнгын болон түр хороодын чиг үүрэг, бүрэн эрх, бүрэлдэхүүний тоо, тусгай хороодын эрхлэх асуудлын зааг ялгаа, хүрээ хязгаар, сонгуулийн дараа нам, эвслийн бүлэг байгуулах журам, нам, эвслийн бүлэг байгуулах гишүүдийн тооны дээд, доод хязгаар, нам, эвслийн бүлгийн эрх, үүрэг, сахилга, хариуцлага, нам эвслийн бүлэгт харъяалагдахгүй гишүүдийн эрх, үүргийн онцлог зэрэг асуудлуудын талаар холбогдох эрх бүхий албан тушаалтнуудтай уулзан нарийвчилсан мэдээлэл авсан байна. Мөн парламентын мэтгэлцээний сонгодог зарчим, түүнийг хэрхэн явуулдаг талаарх зохицуулалт, парламентын мөрдөн шалгах чиг үүрэг, хяналт шалгалтын түр хорооны зохион байгуулалт, нийтийн сонсгол, парламентын хэвлэлийн эрх зүйн орчин зэрэг асуудлуудыг цогцоор нь судлан ажиллаж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Таны сурталчилгаа