Ардчилсан намын дэргэд Хүний эрхийн хороо албан ёсоор байгуулагдаж байгаа бөгөөд “Хүний эрх ба үзэл санааны хоригдол форум”-ыг С.Зориг агсны нас барсан өдөр буюу жил бүрийн 10-р сарын 2-ны өдөр зохион байгуулахаар болжээ.
Тус форумыг энэ жилээс албан ёсоор нээн эхлүүлж байна. Нээлтийг Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт хийж ардчилал, эрх чөлөөт үзэл санааны талаар санал бодлоо хуваалцлаа.
Ардчилсан намын даргын зөвлөх Н.Тэгшбаяр: 1937 онд хүний эрхийн асуудал бүрэн хасах руу орсон. Бид тэр үеэс ялгаатай нь бүх асуудлаа өөрсдөө шийддэг болсон. Гэвч өнөөдөр үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг хорих, цагдах болж байна. Одоо бид дан ганц дуугарах биш Ардчилсан намын дэргэдэх Хүний эрхийн хороогоор дамжуулан тасралтгүй ажиллах болно.
Ардчилсан намын Хууль зүйн бодлого хариуцсан Дэд дарга Ч.Өнөрбаяр: Үндсэн хуулийн зарчим, үнэ цэнийг ойлгуулахгүй байх ажлыг эрх баригч нар хийсээр ирсэн. Үндсэн хуулийг төрийн өндөр албан тушаалтан, байгууллага үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно гээд заагдчихсан. Яаж хүний эрхийг хамгаалдаг, эрх чөлөөг хамгаалдаг хууль гарч ирэх вэ, Засгийн газар болон түүний харьяа байгууллагууд иргэдийнхээ өмчийг тонодог, хөдөлмөрлөсөн хүмүүсээ мөлждөг байсаар ирлээ. Жирийн иргэд аж ахуй, бизнес эрхлэх ямар ч боломжгүй болж байна. Төрийн компаниуд улам үлэмж болсоор байна. Улсын үйлдвэрийн газар гэдэг сонгуулийг санхүүжүүлдэг, намыг санхүүжүүлдэг байгууллага болсон байна. Иргэдэд Үндсэн хууль дээрх эрхээ эдлэх боломжийг олгохгүй байна. Өнөөдөр яагаад Монгол Улсын ерөнхий сайд гарч ирээд хүний эрхийн талаар нээлттэй мэдээлэл хийж болдоггүй юм бэ, өнөөгийн Засгийн газар шинэ цагийн хэлмэгдэлтийг бий болгож байна.
Өмнөх зуунд үзэл бодлоо илэрхийлсний төлөө хэлмэгддэг байсан бол өнөөдөр Үндсэн хуулийн хүрээнд шүүмжилснийхээ төлөө хоригдож байна. Ардчилсан Үндсэн хуулийн үзэл санаа яг хаана байна вэ, өөр үзэл бодол, өөр үнэт зүйлийг хүлээн зөвшөөрч чаддаг төрийг Ардчилсан төр гэдэг.
Эрүүл ардчилал байгаа тохиолдолд олонх, цөөнхийн харилцаа солигдож байдаг. Сонгуулиар хариуцлага хүлээсэн нам нь өөрийнхөө алдаа, оноог хянаж чаддаг байх ёстой.
Эрх чөлөөг дээдлэх, хуулийг дээдлэх гэдэг асуудал өнөөдөр байгаа юу үгүй юу?
Монгол Улсын Үндсэн хууль мэдэгтүн, сахигтун гэж эхэлдэг. Үндсэн хуулийг дээдэлнэ гэдэг бол төрийн өндөр дээд албан тушаалд очсон цагаасаа эхлүүлэн өдөр тутамдаа шийдвэр гаргахдаа хэрэглэх үүргийг хүлээдэг хэмээн онцоллоо.
Мөн Ардчилсан намын даргын зөвлөх Н.Амаржин, хүний эрхийн активист, тэмцэгч О.Зундуйдорж, Ганхөлөг, Ариунболд нартай хүний эрх, улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж байна.