Цаг үеийн мэдээ

Говь-Алтай аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч Д.Б нь 2023 оны 05 дугаар сарын 29-ний  өдрийн шийтгэлийн хуудсаар Р.Ц-ийг (.....) улсын дугаартай тээврийн хэрэгслээр   Улаанбаатар хотоос Ховд, Баян-Өлгий чиглэлд явж байхдаа жин, тонн хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 150000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Харин тус аймгийн Прокурорын газраас улсын байцаагч Д.Б-г  Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж, хангалттай нотлох баримт байхгүй байхад шийтгэл оногдуулж, хүний эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргасан. 

Шүүхийн зүгээс Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Тээвэрлэгч нь ачаа, зорчигчийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан харин хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл тээвэрлэлтийн ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээд нь ачаа, зорчигчийг тээвэрлэхэд зориулсан, тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан зориулалтын автотээврийн хэрэгслээр тээвэрлээгүй байхыг ойлгохоор байна. 

Зөрчлийн тухайд холбогдогч  нь Норд бенз /Beiben North Benz/ маркын тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэхдээ зургаа болон түүнээс олон тэнхлэгтэй тээврийн хэрэгслийн зөвшөөрөх хамгийн их жин 44000 тонн байхад 56800 буюу 12800 тонноор хэтрүүлэн ачаа ачсан байгаа нь зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар маргаагүй, холбогдогч этгээд нь зөрчлөө хүлээн зөвшөөрч торгуулиа төлсөн.

Гэхдээ Зөрчлийн тухай хуульд тээвэрлэлт хийхдээ стандарт, норм, дүрэм зөрчиж нэг тэнхлэг дээрх, эсхүл нийт жинг хэтрүүлсэн зөрчилд автотээврийн хяналтын улсын байцаагч бус авто замын хяналтын улсын байцаагч шийтгэл оногдуулахаар байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Тойм бэлтгэсэн:   Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах

Таны сурталчилгаа